Хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан анхны цэцэрлэг удахгүй нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:27:27

Энэ онд Дорноговь аймагт хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдаж буй анхны цэцэрлэг, эмнэлгийн  барилга  ашиглалтад орно.

Дээрх бүтээн байгуулалтыг тус аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан өөрийн хөрөнгөөр бүтээн босгож байгаа бөгөөд Замын-Үүдэд 150 хүүхдийн, Сайншанд хотод мөн 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг чанар стандартын түвшинд барьж дуусгасан төдийгүй одоо тохижилтын ажлыг гүйцэтгэж, хүүхэд хүлээн авахаар бүртгэлээ явуулж эхэлжээ.

Харин дээрх цэцэрлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн өмчид авах, дотоод зохион байгуулалтыг хангахаар Сайншанд сумын ЗДТГ, аймгийн  БСГ зэрэг ажил хариуцсан байгууллагууд ажиллаж буй. Үүнээс гадна АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн хашаанд өнгөрөгч хавар барьж эхэлсэн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явц ойролцоогоор  80 орчим  хувьтай байгаа аж.

Тус компани барилгын ажлыг  бүрэн дуусгаад орон нутагт хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм. Орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулахад гар бие оролцож буй нутгийн зөвлөл аймгийн 14 суманд ажил хариуцсан төлөөлөлтэй болж  тодорхой ажлыг сумдад хийж эхэлжээ. 

Х.Эрдэнэбулган

 

相关新闻
注释