Н.Батцэрэг: Агаар мандлын давхарга ирэх хагас зуун жилд нөхөн сэргэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-09-17 11:56:55

Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц хүчин төгөлдөр болсны 30 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал боллоо.

Тус хуралд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БОНХАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, МХИТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өсөхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн озоны давхаргыг хамгаалах ойг “Та биднийг хэт ягаан туяанаас хамгаалж байгаа ”Озоны үе давхаргаа” хамтдаа хайрлан анагаая” сэдвээр дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хурлын үеэр хэлсэн үгэндээ “Озоны давхарга нь ирэх хагас зуун жилийн турш нөхөн сэргэх боломжтой болоод байна. Гэхдээ түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө улс орон бүр амласан үүрэг амлалтаа заавал биелүүлэх шаардлага тулгарч байна. Озон задладаг бодисын хэрэглээг бүрмөсөн халах, дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө өндөртэй, хүлэмжийн хийн тооцогдох зарим орлуулах бодисыг бууруулах замаар агаар мандлаа ирээдүй хойч үедээ зориулан хамгаалахын тулд урьдын адил хүчин чармайлт, шинэлэг санаа гарган хурдтай ажилллах хэрэгтэй байна” гэж онцоллоо.

Монгол улсын засгийн газраас хүн амаа нарны хэт ягаан туяаны аюулаас, гариг дэлхийнхээ озоны давхаргыг хамгаалах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр шат дараатай арга хэмжээг авч байна. Агаарын тухай хууль, “Химийн хорт бодисын хууль”-д озон задлах бодисуудыг зохицуулах гол заалтыг тусгаж хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2013 оны 303 дугаар тогтоолын дагуу озоны давхрага, дэлхийн дулааралд ээлтэй зарим хөргөх бодистой хөргөлтийн тоног төхөөрөмж импортлосон бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хөнгөлөлт эдлэхээр зохицуулсан. Озоны үндэсний албанаас “Дэлхийн дулааралд нөлөөтэй гидро хлорфторт нүүрс төрөгч хөргөх бодисын хэрэглээг бууруулах бодлого, зохицуулалтын талаарх үндэсний оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулж цаашид 2020 он хүртэл хийх ажлын үндсэн чиглэлээ тогтоосон. 2014 онд HFC-фторт нүүрс устөрөгчийн төрлийн озон задлах чадваргүй ч дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө өндөртэй хүлэмжийн хий болох хөргөх бодисыг дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар хамгийн бага буюу уур амьсгал, озоны үе давхаргад халгүй хөргөх бодис, технологийн талаарх судалгаа хийх хөтөлбөрийг ч мөн батлаад байна.

Монгол улсын Агаарын тухай хуулийн 25.2-т “Тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгуулага жил бүр тогтоож, тэдгээр бодис, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно” хэмээн заасан бөгөөд энэхүү хуулийн дагуу тоо хэмжээг БОНХАЖ-ын сайдын тушаалаар жил бүр батлан гаргаж, БОНХАЖЯ-ны Озоны үндэсний албанаас тусгай зөвшөөрлийг олгож байна.

Жил бүр олон улсын конвенцоор хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу бусад улс орноос импортлох бодисын тоо хэмжээ квотыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын тушаалаар баталж, тусгай зөвшөөрөл олгож, тэдгээрт хил, гаалийн байгуулага, ажилтнууд хяналт тавьж, хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд Монгол улс 2030 он хүртэл гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (HCFC) бодисын хэрэглээ импортыг бүрмөсөн зогсоож олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах юм.

Мөн озоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийг угтаж НҮБ-ын Байгаль орчноос эрхлэн гаргасан “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол ба хүний эрүүл мэнд” хэмээх номыг өргөн олон уншигч нарт зориулсан бөгөөд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тус номыг Их дээд сургууль, дунд сургууль, номын сангуудын төлөөлөлд гардууллаа гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

相关新闻
注释