Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-17 18:02:58

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тэргүүтэй хүндэт зочид, тус эмнэлгийн өнөөгийн болон үе үеийн удирдлага, ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

Хурлыг нээж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасныг гардууллаа.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, сургалт-судалгааг хослуулан хөгжүүлэх үйлсэд  мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг ийнхүү өндрөөр үнэллээ.

Одонг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, эмнэлгийн нийт хамт олонд баяр хүргэв.

Тус эмнэлэг нь 1925 онд "Ардын эмнэлэг" нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Ж.Болор

相关新闻
注释