"Загасгал" цай Үндэсний брэнд бүтээгдэхүүнээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:56:30

Аж үйлдвэрийн яамнаас Монголд анх удаа  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг 21 аймгийн төлөөллийг оролцуулан өнгөрөгч сарын сүүлчээр зохион байгуулахад Дорноговь аймгийн Д.Должин захиралтай ''Далт мөнгөн шанд'' ХХК-ийн “Загасгал цай” жиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр шалгарав.

Мөн Н.Эрдэнэбилэг даргатай ''Хутагтын говийн тэмээчин хоршоо''-ны ингэний хоормог, аарц, буцалгаа бүтээгдэхүүн ч хэрэглэгч олны талархлыг хүлээж чадлаа.

Дорноговь аймагт  жижиг дунд, үндэсний үйлдвэрлэл сэргэж буй нэг жишээ нь сүүлийн жилүүдэд орон нутгаас улс, аймаг, бүсийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд  байнга оролцдог болсон явдал гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан ярив. "Загасгал" хэмээх  ургамал нь Монгол орны говь нутагт ургадаг бутлаг эмийн ургамал  бөгөөд говь нутгийнхан үүнийг тэнхээ тамир сайжруулах зорилгоор цайнд чанаж хэрэглэж ирсэн уламжлалтай. Хүн байтугай ядарч туйлдсан мал, төлийг анагаах ид шидтэй, дархлаа сайжруулж, хүний бие дэх хорыг гадагшлуулах  үйлчилгээтэй ургамал юм.

Уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулж, сав баглаа боодлыг ур хийц гарган үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн аймаг орон нутагтаа төдийгүй улс даяар хэрэглэх цаг ойрхон байна.

Харин “Хутагтын говийн тэмээчин” хоршоо  2014 онд Сайхандулаан сумын Ганц мод гэдэг газар байгуулагдсан бөгөөд ингэний фермерийн  аж ахуй эрхэлж эдүгээ  570 гаруй тэмээтэй болжээ. Тэднийх ингэний сүү, хоормог, ааруул бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж  зах зээлд борлуулдаг юм. 

Х.Эрдэнэбулган

 

相关新闻
注释