"Лалын улс" Багдадад дэлбэлэлт үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 16:02:33

БАГДАД. /ВВС/. Иракийн нийслэл Багдад хотод өчигдөр болсон, 24 хүний аминд хүрсэн хоёр дэлбэлэлтийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид үйлджээ.

Биедээ тэсрэх төхөөрөг суурилуулсан амиа золиослогчид лалын шиитүүд голдуу цугласан, хөл хөдөлгөөн ихтэй хоёр талбайд өөрсдийгөө дэлбэлсэн байна.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 24 хүн, тэдний дотор цагдаа нар дэлбэрэлтийн улмаас амиа алдаж, 120 гаруй хүн шархаджээ.

Бид шиитүүдийн хагас цэрэгжсэн хүчнийхнийг онилон дэлбэрэлтүүдийг үйлдсэн гэж “Лалын улс”-ынхан онлайнаар мэдэгдээд, “Аюулгүй байдлыг чангатгасан ч Багдадын төвд бид дэлбэрэлт үйлдэж чадлаа” гэжээ.

“Лалын улс”-ын хяналтад буй баруун нутгийн Анбар мужийн гол хотуудыг чөлөөлөхийн тулд шиит журамт цэргүүд Иракийн засгийн газрын хүчнийхний хамт тэмцэж байгаа юм.

Г.Доржханд

 

相关新闻
注释