Өвөлжилтийн бэлтгэлийг хангах 10 ажлын хэсэг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 17:31:38

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын дарга нарын шуурхай хурал боллоо.

Хурлын эхэнд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд ирсэн иргэдийн санал гомдлыг хэлэлцлээ. 9 сар гарсаар тус утсанд 80 гаруй иргэн хандсан байна. Иргэдээс ирүүлж буй мэдээллийн дийлэнх нь боловсролын салбартай холбоотой бөгөөд Арвайхээр сумын 5,6,7-р цэцэрлэгүүд хүүхдийн хичээлийн хэрэгслийг заавал "BEST" бичиг хэргийн дэлгүүрээс авахыг шаардсан, цэцэрлэгүүдээс нэхэж буй мөнгөн дүн 70-130 мянган төгрөгийн хооронд үнийн зөрүүтэй байгаа, зарим цэцэрлэгүүд түүхэн ойгоо тэмдэглэх мөнгийг хүүхдээс татаж байна гэх гомдлууд тавигджээ. 
Мөн улсын тэргүүний "Мэргэд" лаборатори сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд 1-р ангидаа 70 хүүхэд авна гэсэн боловч 100-аас хойш байр эзэлсэн хүүхдийг танил тал харж авснаар 80 гаруй хүүхэдтэй болчихлоо гэх гомдол ч иржээ. Уг асуудлуудын мөрөөр ажиллаж хууль бус үйлдлийг таслан зогсоож арга хэмжээ авахыг БСГ-ын дарга Ч,Самбуу-Ёндонд үүрэг болголоо. 
Хурлаар байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцсан юм. Аймгийн хэмжээнд албан газар, байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын 1-нээс нэгдсэн журмаар өгөх бөгөөд үүнд нийт 110 мянган м3 нүүрс шаардлагатай ба Баянтээг ХК-иас бүрэн нийлүүлэх боломжтой аж. 
Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар төв суурингийн болон мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 10 ажлын хэсэг томилогдож, бүх суманд 2-5 хоног ажиллахаар боллоо. Ажлын хэсгүүд сум, баг, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцан, багийн хурлуудыг зохион байгуулж, сумдын удирдлагууд, малчдад өвөлжилтийн бэлгэлийн талаар заавар, чиглэлийг өгөх юм. 

Б.Батчимэг

 

相关新闻
注释