“Их Британийн соёлын өдөрлөг” Монголд анх удаа боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-18 17:50:32

Улаанбаатар хот дахь Британий Элчин сайдын яам Монгол Улсад анх удаа “Их Британийн соёлын өдөрлөг”-ийг  өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь Их Британи улсын соёлыг таниулах, хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий "GREAT BRITISH FAIR" соёлын өдөрлөгийг “Их Британи гайхалтай” уриан дор хоёр орны найрсаг харилцааг олон нийтэд таниулан сурталчилсан юм.

Тусгаар тогтносон Монгол Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон анхны барууны орон Их Британи билээ. Өнгөрсөн 52 жилд манай хоёр улс найрсаг, бат бөх, үр өгөөжтэй харилцааг хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Дэлхий дахинд нэр хүндтэй Их Британийн компани, боловсролын болон ТББ-ууд нь Монгол Улсад залуусын боловсролд жинтэй хувь нэмэр оруулж, экспортыг нэмэгдүүлэх, өндөр хөгжил бүхий техник технологи, дизайны шийдлийг нэвтрүүлэх, нийгмийн зорилтот ажил өрнүүлж, байгаль хамгаалах зэрэг олон салбарт үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн чанартай хүнс, хувцас загвар, автомашин бусад хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.

Их Британий ЭСЯ эдгээр үйл ажиллагааг дэмжихээс гадна Британийн бодлого, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж улмаар хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, идэвхтэй ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төслүүдийг санхүүжүүлэх, магистрын зэргээр Их Британид суралцах тэтгэлгийг оюутнуудад олгодог. Энэхүү өдөрлөгөөр Их Британаас импортолдог бүтээгдэхүүний амталгаа, худалдаа явуулсаны зэрэгцээ бизнес эрхлэгчид өөрт ашигтай бизнесийн түншлэлээ эхлүүлэх боломжтой байв. Монголын оюутан сурагчдад зориулан боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа тус өдөрлөгөөр танилцуулсан нь хүүхэд, залуусыг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн рүү олноор нь ирүүлж чадав.Тухайлбал, ЭСЯ-ны ажилтнууд оюутны виз, Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн . Мөн энэ үеэр Британийн хамтлаг, дуучдын дуунуудыг сонссон бөгөөд ДБЭТ-ын дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин ая дуугаа өргөлөө.

Өглөөний 11 цагаас оройн 18 цаг хүртэл үргэлжилсэн уг өдөрлөгөөр Бритиш болон Инглиш сургуулийн сурагчдын мэндчилгээ, хүүхдийн хувцас загварын шоу, “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номын олон сонирхолтой арга хэмжээ боллоо. Мөн Британийн боловсрол, спорт, хувцас загвар, ахуйн хэрэглээ, шингэн хүнс, хууль, орчуулга, нягтлан бодох бүртгэл, барилга, уул уурхай, консалтинг зэрэг олон салбарын төлөөлөл оролцож олон нийтэд үйлдвэрлэл, үйлчилгээгээ танилцуулав. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тус улсын ТББ-ууд үйл ажиллагаагаа сурталчилсан юм.

Дашрамд сонирхуулахад, Их Британийн бэлэг тэмдэг болох Мини брэндийн автомашины парад өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн төв замаар явсан. Харин өнөөдөр эдгээр автомашины дэргэд гэрэл зураг авах боломжийг оролцогчдод олгосон юм.

Д.Өлзий

相关新闻
注释