Мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-18 18:00:39

Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр “Мэргэжлийн сургалт - таны амжилтын үндэс” тайлант өдөрлөгийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв (ХЭҮСМҮТ), Нийслэлийн Хөдөлмөрийн газар (НХГ)-аас хамтран зохион байгуулав.

Энэ удаагийн өдөрлөгөөр “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрхийн бичиг”-ээр  мэргэжлийн болон давтан сургалтыг богино хугацаанд ур чадвар эзэмшсэн иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гаргасан юм. Мөн ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгуулж, ажил олгогч байгууллагуудад чадварлаг хүний нөөцийг санал болгож суралцагсдыг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа боллоо.

Тус өдөрлөгийн нэг онцлог гэвэл 2015 онд “Эрхийн бичиг”-ээр суралцагсдын дунд ур чадварын анхдугаар уралдааныг өнөө үед эрэлт ихтэй болсон үсчин, тогооч, гоо засалч, гар урлал, оёдол, хумс засал гэсэн 6 төрлийн мэргэжлээр зохион байгуулж шилдгүүдийг тодруулав.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж 150,000 хүний ажлын байр шинээр бий болгох зорилт, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт ажил, мэргэжилгүй 12,000 иргэнийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтад хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангах зорилт дэвшүүлсэн. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 2012 оноос эхлэн “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах” хөтөлбөрийн эрхийн бичгээр “Мэргэжлийн болон давтан сургалт”–ыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 10155 иргэнийг сургалтад хамруулж мэргэжлийн ур чадвар олгож үүнээс 4239 иргэнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна.

2015 онд “Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудыг шалгаруулах тендер"-ийг нээлттэй зарлан, хамгийн сайн тендер ирүүлсэн 51 сургалтын байгууллага 36 мэргэжлээр сургалт зохион явуулах гэрээ байгуулан ажиллаж байна. 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1856 иргэн суралцаж байгаагаас 1331 суралцагч ур чадвар эзэмшин “Чадамжийн гэрчилгээ” гардан авсан байна.

Д.Өлзий

相关新闻
注释