Нийслэлчүүд Чингисийн талбайд "Номын баяр" тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-19 14:44:35

Өнөөдөр Чингисийн талбайд зохиолч, уншигчдын уузалт болж  ном, судраа дээдлэн шүтэж ирсэн монголчууд уламжлалт “Номын баяр”-аа өргөн тэмдэглэж байна.

Нийслэлчүүд энэхүү “Номын баяр”-ыг жил бүрийн намар тэсэн ядан хүлээдэг. Энэ жилийн “Номын баяр”-ыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад ёслон тэмдэглэж буйгаараа онцлогтой. Чингисийн талбай дахь “Номын баяр”-ын өдөрлөг өглөөний 10 цагаас 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэм номоо дээдлэн эрхэмлэж ирсэн уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баяр”-ын өдөр болгож өргөн тэмдэглэж байх шийдвэр гаргасан.

Энэ удаагийн өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын  уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, болж байна. Мөн номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолч, яруу найрагчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номоор шагнаж урамшуулах тэмцээн, уралдаанууд зохион байгуулах юм.

Энэ өдрийн “Номын баяр”-т Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, гэргийн хамт ирж хүүхдийн уран зохиолын ном худалдан авч байсан бол Ардын уран зохиолч, СГЗ  зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ш.Дулмаагийн номыг авсан сурагч багачууд хамтдаа зургаа татуулж байсан юм.  Мөн СГЗ  яруу найрагч Г.Мэнд-Ооёо өөрийн номоо худалдан авсан уншигчдаа гарын үсэг зурж өгч байхтай таарсан бол СГЗ, орчуулагч Ж.Нэргүй, СГЗ, орчуулагч Г.Аким зэрэг олны танил олон зохиолч, нийтлэлч, орчуулагчид болон эрдэмтэд өөрсдийн уран бүтээлээ  дэлгэн тавьжээ.

Тус өдөрлөгөөр бага насны болон дунд сургуулийн хүүхдийн уран зохиол, үлгэрийн номнууд эрэлт ихтэй байна. Мөн хуучин номын худалдаа ч ажиллаж байсан нь уншигчдыг татаж байв. Шинжлэх ухаан, бизнес, гадаад хэлний гээд олон төрлийн номыг эндээс л олж авах боломж гарч байгааг иргэд сайшааж байсан юм.

Д.Өлзий

相关新闻
注释