Шашны төлөөллүүд өнөөдөр Энхтайвны хонх цохино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-21 10:33:08

НҮБ жил бүрийн 9 сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласантай холбогдуулан Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ өнөөдөр тэмдэглэх гэж байна.

Энх тайвны өдрийг энэ жил  "Энхтайвны төлөө түншлэл-Хүн бүрт хүндлэл" уриан дор өрнөж байгаа бөгөөд 11:00 цагт Дашчойлин хийдийн Энх тайвны хонхны дэргэд эл өдрийн үйл ажиллагаа эхэлнэ. Уг арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны төлөө мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дахь шашны төлөөллүүд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн болон олон нийтийн төлөөлөл цугларна.

Тус арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай  Биата Транкман  үг хэлэх бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан ки мүүний илгээлтийг уншин танилцуулж, зул мандаана. Дараа нь Хинду, Иудейн, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто Оомото Монгол төв, Ананда Марга бясалгалын төв,  Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, Христийн шашны төлөөлөл Католик сүм, Бахай шүтлэг  зэрэг шашнууд үүсэл гарлынхаа он дарааллын дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, энхтайвны хонхыг цохих ѐслолыг үйлдэнэ.

Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл, нийслэлийн ИТХ зэрэг төр засгийн төлөөллүүд үг хэлэх юм.  

Б.Туул

相关新闻
注释