ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-21 10:45:23

ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Москва хотноо уулзаж, хоёр орны мухардмал байдалд орсон найрамдлын гэрээ байгуулах тухай хэлэлцээ болон газар нутгийн асуудлаа хэлэлцэнэ.

Дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд Кишида, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энэ онд багтаан Японд айлчлуулах тухай хэлэлцэх ажээ.

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар сүүлийн 19 сард нэг ч уулзалт хийгээгүй байна. Хойд газар нутаг гэгддэг дөрвөн аралтай холбоотой маргааныг хэрхэн зохицуулах талаар хоёр сайд санал бодлоо солилцоно. Тэдгээр арал ОХУ-ын хяналтад байдаг ч Япон нэхэмжилдэг билээ.

Арлууд нь Японы газар нутгийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд дэлхийн II дайны дараа арлуудыг хууль бусаар эзлэн авсан гэж Япон үздэг байна.

Хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулахтай холбоотой дэд сайд нарын түвшний хэлэлцээг сэргээх боломжийг Кишида эрэлхийлж байна. Дэд сайд нарын түвшний хэлэлцээ өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш зогсонги байдалд оржээ.

Үүнээс гадна, Украин, Сирийн хямрал болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужин бүтээж байгаа зэрэг асуудлаар хоёр сайд хэлэлцээ хийх ажээ.

Энэ онд багтаан Путинтай Японд уулзана гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ найдаж байгаа бөгөөд хоёр орны газар нутгийн маргааныг зохицуулах яриа хэлцээг идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Д.Нямтулга

 

相关新闻
注释