Грекийн эрх баригч нам сонгуульд яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-21 11:09:47

АФИН. /Xinhua/. Өчигдөр болсон бүх нийтийн сонгуульд өөрийнх нь нам ялсныг Грекийн Ерөнхий сайд асан Алексис Ципрас зарлаад, “Сонгогчид надад дахин итгэл хүлээлгэлээ” гэв.

Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, саналын хуудасны 79.25 хувийг одоогоор тоолоод байгаа аж. Эрх баригч Сириза намын төлөө сонгогчдын 35.52 хувь саналаа өгсөн бол хамгийн том сөрөг хүчин болох Шинэ ардчилал намын төлөө 28.18 хувь нь саналаа өгчээ.

Нийслэл Афин хотынхоо төв талбайд дэмжигчдийнхээ өмнө Ципрас сонгуульд ялснаа зарласан байна.

Тэрбээр, “Энэ бол Грекийн ард түмний аугаа ялалт” гэж хэлээд, засгийн газрыг дахин удирдах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Еврогийн бүсийн улсуудын Грекийг хямралаас гаргах хөтөлбөрийн хариуд эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр шийдсэнээр ард иргэд нь шүүмжлэх болсонтой холбогдуулан Ципрас ээлжит бус сонгууль зарласан юм. Энэ сонгууль нь нэгдүгээр сард болсон сонгуульд Ципрасын нам ялснаас хойш наймхан сарын дараа боллоо.

Гэхдээ Сириза нам парламентын 300 суудлын олонхыг авч чадахгүй байж магадгүй.

Тиймээс Ципрас одоогийн түнш болон өөр нэг консерватив намын хамт эвслийн засгийн газар байгуулахаар төлөвлөж байгаа бололтой.

Г.Доржханд

 

相关新闻
注释