Аймгийн ИТХ-ын дарга сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:10:50

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар сумдад ажиллаж байна.

Тэрбээр эхлээд Дархан сумын ИТХ-ын ажилтай танилцаж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллах талаар хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө. Түүнчлэн энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхэлж Багуудын Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулж ирэх онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлын санал авах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахыг сумын ИТХ-ын дарга Т.Тулгаад үүрэг болгов. Мөн хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Засгийн газраас гаргасан хоёр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт сайтар зохион байгуулж сумын ИТХ-ын хурлаар хэлэлцэж гүйцэтгэх ажлыг нарийвчлан боловсруулж эзэнжүүлэх арга хэмжээ авахыг уулзалтын үеэр онцлон хэллээ.

Тэрчлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа их болон урсгал засвар бусад бүтээн байгуулалтын ажлын явцад тавих хяналтыг сайжруулж батлагдсан төсөвт өртөгт багтааж гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Аймаг, сумын төвийн халаалтын зуух, шугам сүлжээний засвар үйлчилгээ, нүүрс татан авалтыг хуваарьт хугацаанд нь гүйцэтгүүлж ирэх өвөл, хавар хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх ажлыг сумын Засаг даргад хариуцуулж ажиллахыг үүрэг болголоо. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ирэх долоо хоногт Хонгор, Орхон, Шарын гол суманд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар ажиллана.

 Б.Норовсамбуу
 

 

相关新闻
注释