А.Ганбаатар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ГХ-ны гишүүнээр сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-22 10:35:57

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо /ЗАХБХ/-ны 46 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал БНАСАУ-д есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг ЗАХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгох тухай хэлэлцэн, санал хураахад, олонхийн саналаар дэмжигдэж, тэрбээр ЗАБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдлоо.

Энэхүү хурлын үеэр ЗАХБХ дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: ЗАХБХ-ноос 13 хүртэлх насны хөвгүүдийн фестиваль наадмыг Гуам улсад энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах тухай, мөн ЗАХБХ-ны 47 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурлыг Япон улсад зохион байгуулах тухай багтсан байна.

Зүүн Азийн 10 орныг нэгтгэсэн тус холбооны хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батсайхан нар оролцсон юм. Хурлын дараагаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч RI Jong Mu-тай уулзаж, хоёр улсын шигшээ багууд харилцан нөхөрсөг тоглолт хийх, БНАСАУ мэргэжлийн тоглогчдыг Монголд тоглуулах, Монгол улсаас шалгарсан хүүхэд, багачуудыг БНАСАУ-ын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд хамруулах талаар санал солилцжээ. Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч илэрхийлсэн байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд БНАСАУ-д айлчлах үеэрээ хоёр талын спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортын хөгжилд нэмэр болох хамтарсан бэлтгэл, сургуулилтын талаар ярилцсан юм.

Д.Өлзий

相关新闻
注释