УИХ-ын даргад Сергей Ефимович Донской бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-23 10:28:17

УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 22-нд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской, Хөдөө аж ахуйн Нэгдүгээр орлогч сайд Евгений Васильевич Громыко нар бараалхав.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, УИХ-ын дарга З.Энхболд болон Монголын төлөөлөгч та бүхнийг ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр бараалхах боломж олдсонд баяртай байна. Өнөөдөр бидний өмнө худалдаа, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орсон нь анхаарвал зохих гол асуудал болоод байна. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ирэх 11 дүгээр сард зохион байгуулна.  Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын  хуралдаан өнгөрсөн жилийн 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон. Энэ сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д айлчлал хийх үеэр бид зарим асуудлын талаар санал солилцох боломж олдсон. Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа хэрхэн хөгжих нь Парламент  хоорондын хамтын ажиллагаатай шууд холбоотой. Өнөөдөр Монгол Улстай манай улсаас хамтын ажиллагаатай  “Эрдэнэт” ХХК, “Монголросцветмет” ХХК, “УБТЗ” ХНН гэсэн 3 хамтарсан үйлдвэртэй. Гэхдээ эдгээр үйлдвэрүүдийн заримынх нь нөхцөл байдал хүнд, тодорхойгүй байгаа юм. Эдгээр асуудалд анхаарлаа хандуулж, ажлыг түргэсгэх шаардлагатай байна. Хоёр орны худалдааны эргэлтийн статистик дүнгээр 2014 оныг 2013 онтой харьцуулахад 7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэхдээ худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны өнөөгийн хүрсэн түвшинтэй эн тэнцүү түвшинд хүргэж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. Манай улсын хувьд Монгол Улсаас хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн импортлон авах сонирхол өндөр байна. Өнгөрсөн хугацаанд монголоос ОХУ руу экспортлож буй мал аж ахуйн бүтээгдэхүүн 5 дахин, нүүрс олборлолт 40 гаруй хувиар нэмэгдсэнийг бас дурдах шаардлагатай. Монгол Улсын зүгээс хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн 6 дугаар сард Санкт- Петрбург хотноо “Евроазийн эдийн засгийн комисс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь худалдааг дэмжихэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.

Мөн уулзалтын үеэр Хөдөө аж ахуйн Нэгдүгээр орлогч сайд Евгений Васильевич Громыко хэлэхдээ, ОХУ руу нийлүүлэх махны тухайд, бүх аймгуудыг аттестатчилан эрүүл ахуйн болон стандартын шаардлагыг хангасан үйлдвэрүүдэд мах экспортлох боломжийг бүрдүүлж өгсөн. Ийм шаардлагыг хангасан монголын 15 аймгийн 37 үйлдвэр байна. Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэхийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад “Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011-2012 онд 37 сая тун шүлхийн вакцин, 22 ДУК ариутгалын машиныг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Засгийн газар хоорондын харилцаа бол Засгийн газрын эрхлэх асуудал хэдий ч та бүхний тавьж буй саналын дагуу 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцоонд хүрсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэхь эд хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг хурдасгах шаардлага тулгарсныг харж байна. Мөн таны хэлсэнчлэн манай хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлт эрс буурсан, зогсонги байдалд орсон нөхцөл байдалд бид дүгнэлт хийх цаг болжээ. ОХУ руу Монгол Улсаас экспортлодог уламжлал болсон бүтээгдэхүүнүүдийн хувьд Оросын зах зээл рүү гаргахад гаалийн тариф хэт өндөр байгаа нь экспортын хэмжээ эрс буурах гол шалтгаан болсон. Үүнээс шалтгаалан монголын экспорт зөвхөн 3 хувийг эзэлж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар худалдааны эргэлт 20 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Монгол Улс ОХУ-тай 3000 гаруй км–ээр хил залгадаг хэдий ч ОХУ өнөөдөр махаа бусад орнуудаас, жишээлбэл Аргентин, Австрали зэрэг орнуудаас авч байна. Гэтэл Монгол Улс сүүлийн 80-90 жилийн хугацаанд ОХУ-ыг махаар хангаж ирсэн түүхтэй. Тийм учраас манай улсаас ОХУ руу махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар ярилцаж, шийдэлд хүрэх нь чухал байна хэмээн УИХ-ын дарга З.Энхболд  ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донскойд хандан хэлсэн юм. Мөн тэд байгаль, экологи, хамтарсан төсөл хөтөлбөр, хөдөө аж ахуйн салбарын асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга З.Энхболдод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской бараалхах үеэр, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ч.Баттөмөр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

相关新闻
注释