Үр тариа хураалт 21.2 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-24 11:22:22

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан.

Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тарианы хураалт 9 дүгээр сарын 08-наас эхэлсэн, цаг агаарын байдалтай холбоотойгоор үр тарианы хураалт бүрэн жигдэрч чадаагүй байна.  

Өнөөдрийн байдлаар 26.6 мянган га-г ангилан хадаж, 16.8 мянган га-г цайруулж, 46.0 мянган га-г шууд хурааж, нийтдээ 63.1 мянган га-гаас 52.5 мянган тонн үр тариа, 4.6 мянган га-гаас 51.2 мянган тонн төмс, 2.9 мянган га-гаас 31.9 мянган тонн хүнсний ногоо, 6.5 мянган га-гаас 10.8 мянган  тонн тэжээлийн таримал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 21.2 хувьтай, төмсний хураалт 38.1 хувьтай, хүнсний ногооны хураалт 46.1  хувьтай байна.

Энэ нь нэг га талбайгаагаас 8.3 цн буудай, 110.5 цн төмс, 107.4 цн хүнсний ногоо, 17.0 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч байгаа үзүүлэлт юм.

Өнгөрсөн оны мөн үед үр тарианы хураалт 31.9 хувь,  төмс, хүнсний ногооны хураалт  47.0 хувь,  тэжээлийн таримлын хураалт  31.7 хувьтай явагдаж байсан бол энэ жилийн хувьд улаанбуудайн хураалт харьцангуй орой эхэлж явц нь удаашралтай  байна.

Энэ нь газар тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болсон, ялангуяа таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бус  нутгаар агаарын хамгийн их температур 34-38 градус, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцлийг үүсгэсэн, түүнчлэн 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 11-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тундас  орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцлийг бий болгосонтой холбоотой. Үүний улмаас таримлын болц сунжирч хураалтын ажил оройтож удаашралтай явагдаж байна.

Таримлын болц оройтсон, ургамлын иш намхан байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгж бүр өөр өөр арга техник, технологийг хэрэглэж байна. Ялангуяа ангилан хадах боломжгүй хэт намхан, хэнзлэн ургасан тариаг хураахын тулд химийн аргаар болц түргэтгэх арга хэмжээг авч байна.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ажиллаж байна. Ургац хураалтын ажилд 1100 гаруй цэргийн албан хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.

Энэ намрын ургацын төлөв байдал, ургац хураалтын ажилтай холбогдуулан хураан авсан буудайн борлуулалтыг дэмжих, хүн амын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, хангамжийг тогтвортой хадгалах улмаар 2016 оны тариалалтад зориулан чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн “Хүнсний болон үрийн буудайн нөөц” бүрдүүлэхэд 80.0 тэрбум, “Тэжээлд шилжүүлсэн үр тарианы талбайгаас ногоон тэжээл” бэлтгэхэд 8.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг тус тус шийдвэрлүүллээ.

    Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 24-25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орох урьдчилсан төлөв ирүүлээд байна.Тиймээс ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, төмс, хүнсний ногоог хөлдөж хайрагдахаас сэргийлэх, ангилан хадсан талбайн хураалтыг шуурхайлах чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгөөд ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

相关新闻
注释