Элстэй хотод монгол цэцэрлэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-24 12:27:06

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хотын хурлын төлөөлөгчид энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна.

Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тус хотын ИТХ-ын дарга, Засаг дарга Намруев Вячеслав Хозыкович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “ Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаад баяртай байна. Улаанбаатар, Элстэй хот хоорондын хамтын ажиллагаа 2008 онд эхэлсэн. Хоёр хотын харилцааг улам бэхжүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард болсон Ялалтын 75 жилийн ойн үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Элстэй хотод албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Халимагийн иргэд Монгол Улсад ирэхийг маш их хүсдэг ч нислэг, тээврийн асуудлаас болж ирж чаддаггүй гэдгийг хэлж байсан. Тиймээс Улаанбаатар, Элстэй хотуудын хооронд шууд нислэг хийх хүсэлтэй байдаг аа илэрхийлж байсан юм” гэлээ. Элстэй хотын ИТХ-ын дарга, Засаг дарга Намруев Вячеслав Хозыкович “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Элстэй хотод айлчлах үеэр манай хотод Монгол цэцэрлэг барих асуудлыг ярьсан. Бид хамтран Халимагийн хүүхдүүдийн төлөө маш том хөрөнгө оруулалт хийх гэж  байна. Тус цэцэрлэгийн зураг төслийг гаргачихсан байгаа. Энэхүү Монгол цэцэрлэгийг барьснаар Халимаг хүүхдүүдэд Монгол хэл зааж, түүх, соёлыг танин мэдүүлж, хүүхдүүдийг багаас нь шатар тоглож сургах юм. Мөн Элстэй хотод Улаанбаатарын гудамжийг, Улаанбаатар хотод Элстэйн гудамжийг байгуулахаар болсонд таатай байна. Хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэлээ  хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻
注释