Путин, Обама хоёр Нью-Йоркт уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-24 16:22:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэрэв зохион байгуулж чадвал “ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай ирэх долоо хоногт Нью-Йорк хотод уулзахаар шийджээ”. Энэ тухай "Нью-Йорк таймс" сонинд лхагва гарагт мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, талууд уулзалтыг “даваа эсвэл мягмар гарагт” зохион байгуулах талаар “харилцан тохиромжтой хугацааг товлохыг оролдож байгаа аж”.

"Нью-Йорк таймс" сонинд бичиж буйгаар, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест урьд нь сэтгүүлчдэд зориулж тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр хоёр орны удирдагчид уулзах гэж байгааг шууд нотлохоос татгалзжээ. Гэхдээ уулзалтыг зохион байгуулна гэж Цагаан ордон найдаж байгаа тухай нэрээ нууцлахыг хүссэн түшмэл хэлсэн байна.

“Дээрх шийдвэр нь Украинд болж буй үйл явдлын улмаас АНУ-ын Засгийн газар ОХУ-ыг тусгаарлах оролдлогоосоо нэг ёсондоо татгалзаж байгааг харуулж байна” гэж "Нью-Йорк таймс" сонинд онцлон дурджээ. "АНУ-ын Засгийн газарт ийм хандлагыг эсэргүүцэгчид байсан, “гэхдээ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри эрсдэл байгаа хэдий ч ОХУ-тай хамтран ажиллах оролдлогыг дэмжиж байгаа” бөгөөд “европын холбоотнууд ч мөн Обамаг Путинтэй уулзаасай гэж хүсч байна”" гэж тус сонинд бичжээ. Сүүлийн үед АНУ-ын эрх баригчид Сирид болж буй үйл явдлыг хэлэлцэх зорилгоор ОХУ-тай “холбоо тогтоохыг оролдох болсныг” тус сонинд дурдаж байна. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар урт удаан завсарласны дараа анх удаа уулзсан билээ.

ТАСС-ын сурвалжлагчийн мэдээллээр, хоёр орны удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах санаачилгыг мөн л АНУ-аас тавьсан байна. Энд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр бүрэн хэмжээний уулзалтын тухай яригдаж байгаа аж.

Орос болон Америкийн удирдагчид есдүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дахь удаагийн чуулганд үг хэлэх ёстой юм.

Д.Жаргал

相关新闻
注释