НҮБ-ын гишүүн орнууд дэлхийн хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-25 11:45:53

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн чуулганы хүрээнд тус байгууллагын төв байранд тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт эхлэх гэж байна. Гурван өдөр үргэлжлэх форумын үеэр НҮБ-ын гишүүн орнууд 2030 он хүртэлх дэлхийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг батлах бөгөөд мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэнэ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн урьд нь мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтад дэлхийн 154 орны төр, засгийн тэргүүн нар, мөн Гадаад хэргийн 30 сайд оролцох төлөвтэй байна.

Форумын сүүлийн өдөр Беларусь, Казахстан, АНУ, Франц, Украины Ерөнхийлөгч нар, Их Британи болон Японы Ерөнхий сайд нар, мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар үг хэлнэ.

Пап ламын адислалтай хамт

Форум албан ёсоор нээгдэхээс нэг цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 10:00 цагт Ромын Пап Франциск НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлнэ. Католик сүмийн хамба лам нараас хамгийн сүүлд II Иоанн Павел 1995 онд “дэлхийн парламентад” хандаж үг хэлж байв.

НҮБ-ын дэргэд суугаа Пап ламын төлөөлөгч Бернардито Аусагийн даваа гарагт мэдээлснээр, Пап лам Франциск гол анхаарлаа хөгжлийн асуудалд хандуулахаар төлөвлөж байгаа боловч дүрвэгсэдтэй холбоотой хямрал, хэт давруу үзэл газар авч байгаа зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг хөндөж магадгүй байна.

Форумын нээлтэд мөн Колумбын поп од Шакира, Бениний дуучин Анжелика Кижо нар ая дуугаа өргөж, Нобелийн шагналтан Малала Юсуфзай охин үг хэлэх бөгөөд мөн хөгжил, байгаль орчныг хамгаалах асуудалд зориулсан богино хэмжээний кино үзүүлэхээр төлөвлөжээ.

Тогтвортой хөгжлийн 17 зорилт

Дээд хэмжээний уулзалтын дүнд батлах тунхаг бичгийн төслийг Ерөнхий Ассамблей есдүгээр сарын эхээр баталжээ. 45 хуудас бүхий уг баримт бичигт дараачийн 15 жилийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг тусгасан байна. Эдгээрээс хамгийн далайцтай, томоохон нь ядуурлын бүх хэлбэрийг үндсээр нь устгах; хүнсний аюулгүй байдлыг хангах болон хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих; бүх насны хүмүүсийн эрүүл аж төрөх байдлыг хангах; бүх нийтээр боловсрол эзэмших, боловсролын чанарыг нэмэгдүүлэх, мөн амьдралынхаа турш суралцах боломжийг дэмжих гэсэн эхний дөрвөн зорилт юм.

Тунхаг бичигт мөн жендерийн эрх тэгш байдлыг хангах, усны нөөцийг хүртээмжтэй, үр ашигтай зарцуулах, мөн бүх нийтийг байгаль орчинд ээлтэй эрчим хүчээр хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих болон ажлын байр бий болгох, аж үйлдвэржилтийн дэд бүтэц байгуулах, улс орны болон улс хоорондын нийгэм-эдийн засгийн ялгааг багасгах, хот, суурингуудад аюулгүй амьдрах нөхцөлөөр хангахыг дэлхийн улс орнуудад үүрэг болгожээ.

Үүнээс гадна, НҮБ-ын гишүүн орнууд “хэрэглээ болон үйлдвэрлэлийн тогтвортой загвар”-ыг нэвтрүүлж, “уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэхэд шуурхай арга хэмжээ” авахаар төлөвлөж байна.

Д.Жаргал

 

相关新闻
注释