ОХУ-ын өгсөн онгоцоор Сири босогчдод цохилт өгч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-25 12:02:59

ДАМАСК. /ВВС/. Сирийн засгийн газрын хүчнийхэн “Лалын улс” бүлэглэлийн босогчдод агаараас цохилт өгөхдөө Оросын байлдааны нисэх онгоцуудыг ашиглаж байна гэсэн мэдээлэл байна.

Их Британид төвтэй “Сирийн хүний эрхийн байдалд хяналт тавигч” ТББ-ын тэргүүн Рами Абделрахманы мэдэгдсэнээр, Сирийн хүчнийхэн ОХУ-ын өгсөн нисэх онгоцоор лхагва гарагт босогчдод цохилт өгчээ. Босогчид Сирийн хойд нутгийн Алеппо хотын агаарын цэргийн баазыг бүслээд байгаа юм.

Мөн Сирийн засгийн газрын хүчнийхэн хэд хоногийн өмнө босогчдын гол түшиц газар болох Ракка хотод Оросын байлдааны нисэх онгоцуудаар агаараас цохилт өгчээ.

Сириэс Орост суугаа Элчин сайд Риад Хаддад лхагва гарагт мэдэгдэхдээ, “Босогчдын эсрэг байлдааны ажиллагаанд Оросын цэргүүд одоогоор оролцоогүй байна” гээд, “Гэхдээ шаардлагатай тохиолдолд Москва Сири рүү цэргүүдээ илгээнэ гэдэгт би итгэлтэй байна” гэсэн юм.

Г.Доржханд

相关新闻
注释