Дүрвэгчдийг хүлээж авахыг Малала дэлхийн удирдагчдад уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-28 10:28:14

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Цагаачид болон орогнол хүсэгчдийг хүлээж авахыг дэлхийн удирдагчдад Нобелийн Энхтайвны шагналт Малала Юсафзай уриаллаа.

Дүрвэгчид болон орогнол хүсэгчдийг хүлээж авахыг АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд тэрбээр хэвлэлийн бага хурал хийхдээ уриалсан байна.

Энэ сарын эхээр живж, Туркийн эрэгт шидэгдсэн сири хүүгийн зургийг тэрбээр жишээ татан ярьжээ.

“Энэ зураг намайг цочирдуулж, миний зүрхийг шимшрүүлсэн” гэж Малала хэлжээ. Мөн тэрбээр “Энэ зураг хүмүүс хүн чанараа алдсаныг харуулж байна” гэсэн юм.

Тусламж дэмжлэг хэрэгтэй, амьдрах эрхээ эдлэх эрхтэй байгаа хүмүүст сэтгэлээ нээж, тэднийг хүлээж авах нь чухал юм гэж  тэрбээр хэлжээ.

Цагаачлалын асуудлаарх олон улсын бага хурлыг энэ лхагва гарагт НҮБ зохион байгуулна. Уг бага хуралд Европын удирдагчид болон нөлөө бүхий улс төрчид оролцох аж.

Г.Доржханд

 

相关新闻
注释