НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-28 12:39:11

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хүрээнд тус байгууллагын төв байранд улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ. Энэ жилийн хэлэлцүүлэг хамгийн их ачаалалтай байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх форумд дэлхийн 144 орны төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ-ын гишүүн 46 орны Гадаад хэргийн сайд нар оролцоно.

Энэ жил хэлэлцүүлгийн эхний өдөр хамгийн ачаалалтай байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн чуулганыг даргалагч Могенс Люккетофтүг хэлэлцүүлгийг нээсний дараа Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеф үг хэлнэ. Бразил улсын төлөөлөгчид болон Гадаад хэргийн сайд Освальдо Аранья 1947 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхны болон хоёр дахь тусгай чуулганы ажлыг удирдаж байсан учир Латин Америкийн тус улсын төрийн тэргүүн НҮБ-ын гишүүн орнуудаас хамгийн түрүүнд үг хэлнэ.

Түүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Иорданы ван II Абдалла нар үг хэлнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаарт НҮБ-ын индэрт гарна. Тэрбээр хамгийн сүүлд 2005 онд /60 дугаар чуулган/ Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлж байсан бол үүнээс өмнө 2003 онд /58 дугаар чуулган/ болон 2000 онд НҮБ-ын төв байранд “Мянганы дээд хэмжээний уулзалт” болох үеэр үг хэлж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, гадаадын хэд хэдэн удирдагчтай тухайлбал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Барак Обаматай  уулзана.

Улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн эхний өдөр Беларусь, Туркменистан, Ираны Ерөнхийлөгч нар, Куба болон Аргентины удирдагчид мөн үг хэлнэ.

Есдүгээр сарын 29-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко НҮБ-ын индрээс анх удаа үг хэлэх юм. Тэрбээр Донбассын мөргөлдөөнөөс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг хязгаарлах асуудлыг хөндөхөө мэдэгджээ. Түүнээс гадна Армений Ерөнхийлөгч Серж Саргсян, Тажикистаны төрийн тэргүүн Эмомали Рахмон, Японы Ерөнхий сайд, мөн Египет, Венесеул болон Киприйн удирдагчид үг хэлэх төлөвтэй байна. Дотоодын мөргөлдөөнд автаад байгаа улс орондоо хэдхэн хоногийн өмнө эргэн ирсэн Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадигийн хэлэх үг хамгийн их анхаарал татна.

Есдүгээр сарын 30-нд Нью-Йоркийн цагаар үд дунд Палестин улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас үг хэлнэ. Үүнээс хэдэн цагийн өмнө тэрбээр НҮБ-ын төв байранд Палестины далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд оролцох ажээ. Мөн энэ өдрийн орой Сербийн Ерөнхийлөгч Томислав Николич, Ирак болон Ливийн Ерөнхий сайд нар НҮБ-ын төлөөлөгчид хандан үг хэлнэ.

Илтгэгч бүр улс орныхоо хувьд хамгийн чухал асуудлуудыг хөндөнө.

Хамгийн хурц асуудлуудыг шийдэхэд туслах зорилготой хэдэн арван форум, хурал, бага хурлыг Ерөнхий Ассамблейн хурлын хамт нэгэн зэрэг зохион байгуулна.

Д.Жаргал

相关新闻
注释