А.И.Артюниныг Алтангадас одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-28 15:03:09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны Их сургуулийн нэгдүгээр проректор Анатолий Иванович Артюниныг Алтангадас одонгоор шагнав.

Монгол Улс, ОХУ хоорондын боловсролын салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж түүнийг ийнхүү төрийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

Алтангадас одон гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнуулсныг тохиолдуулан танд баяр хүргэе. Энэхүү өндөр шагналыг Монгол Улсад боловсон хүчин, түүний дотор төмөр замын салбарт шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд оруулж байгаа гавьяа зүтгэлийг тань үнэлэн олгож байгааг хэлэхэд таатай байна.

Эрхүү хот олон жилийн туршид Монголын боловсон хүчнийг бэлтгэх уурхай болсоор ирсэн. Таны шавь Л.Пүрэвбаатар өдгөө УБТЗ-ыг удирдаж байна. Монгол Улсад төмөр замын өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, түүгээр дамжуулан манай улсыг хөгжүүлэхэд оруулж буй таны хувь нэмрийг Монголын төр үнэлж шагналаа. Танд дахин баяр хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Эрхүү хотын Зам харилцааны Их сургуулийн нэгдүгээр проректор А.И.Артюнин хариу хэлсэн үгэндээ “Их баярлалаа. Надад болон манай сургуульд өндөр хүндэтгэл үзүүлж Монголын төрийн өндөр шагнал хүртээсэнд талархал илэрхийлье. Энэ шагнал бол манай боловсрол, боловсон хүчин бэлтгэх салбарыг өндрөөр үнэлж байгаагийн илрэл юм. Манай боловсон хүчин бэлтгэх салбарт одоо шинэ үе эхэлж байна. Ирэх жил Улаанбаатар төмөр замын дөрвөн ажилтан техникийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаална. Төмөр замын салбарт боловсон хүчин бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно.

Өнөөдөр надад болон манай гэр бүлд маш таатай сайхан үйл явдал тохиож байна. Миний олон үеийн ач нар манай өвөө 2015 оны есдүгээр сарын 28-нд Монголын төрийн одонгоор шагнуулсан гэж дурсах болно.

Мөн УБТЗ-ын хамт олон, түүний дарга ноён  Л.Пүрэвбаатарт талархал илэрхийлье. Бид цаашид ч хамтран ажиллах болно. Та бүхний Монголын ард түмний сайн сайхны төлөө хийж байгаа ажил үйлсэд амжилт хүсч эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Их баярлалаа” гэлээ.

相关新闻
注释