Залуус нэг тонн ногоо хураав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-28 15:47:33

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Залуучуудын холбоо хамтран “Намрын ажил” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг зохион байгууллаа. 

Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клубын 30 гаруй  залуу оролцож тус сумын сангийн аж ахуйн нарийн ногоон талбайд болон тариан талбай, үтрэм  дээр гурав хоног ажиллав. Залуус намрын ургац хураалттай танилцаж, байцаа, лууван, төмс хураах ажилд гар бие оролцон нэг тонн орчим ногоо хураасан юм.

Тус сумын хувьд мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг бөгөөд сүүлийн үед уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аж. Нийт хүн амын 60 орчим хувийг залуучууд эзэлдэг, тэдний дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллан газар тариалангийн салбарт ажиллах нь багасчээ. Тиймээс оюутан залуучуудыг зуны амралтаар нь ногооны талбайд цалинтай ажиллуулах, ажилгүй байгаа залуучуудаа татан оролцуулах талаар түлхүү анхаарал хандуулж байгаа тухайгаа Ерөө сумын Залуучуудын холбооны тэргүүлэгчид онцолж байв. Мөн тариаланчдын хувьд хамгийн ачаалал ихтэй 9, 10 дугаар сард залуус нэгдэн ургац хураалтын ажилд нь хүч нэмэн тусалж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Намрын ажил” төсөл юм. Төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж, нийт 1000 орчим залуус хамарчээ. Энэ жилийн хувьд дотоодын оюутан залуусаас гадна Монголд суралцаж буй гадаад оюутнуудыг ургац хураалтын ажилд хамруулж буйгаараа онцлогтой. 

Ж.Болор

相关新闻
注释