Хөдөө аж ахуйн биржийн идэвхтэй ажиллагаа малчдад үгүйлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-30 10:43:06

Цуврал-1

Монгол Улсын газар нутгийн төв болсон Архангай аймаг буюу Арын сайхан хангай нутгаар аялахаар  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг энэ сарын 23-ны өглөө Улаанбаатар хотоос хөдлөв.

Энэхүү аялал нь МОНЦАМЭ агентлаг, Архангай аймгийн хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн ажил амьдрал, ололт амжилтыг сурвалжлахын зэрэгцээ нутаг дэвсгэрт байрлах түүх дурсгал, байгалын үзэсгэлэнт газруудаар аялж дотоодын болон олон улсын уншигч, үзэгчдэд сурталчлахад чиглэсэн байлаа. Аялалын тэмдэглэлээ Архангай аймгийн сумд, Цэцэрлэг хот болон түүх, дурсгалын газрууд гэсэн гурван цуврал болгон хүргэхээр төлөвлөж буй билээ. Хөгжлийн түлхүүр нь багаас эхэлдэг тул эхний цувралаа Архангай аймгийн сумдаас эхэллээ.

Бидний аяллын бүрэлдэхүүнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Т.Наранмандухай, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Дотоод мэдээний Нэгдсэн редакцийн Хариуцлагатай редактор Д.Догсом, Орон нутгийн албаны удирдагч, веб редактор Ш.Эрдэнэчимэг, Гадаадад мэдээлэх редакцийн Хариуцлагатай редактор Д.Энхбилэг, Гадаад мэдээний редакцийн Хариуцлагатай редактор З.Амгалан, Техник, үйлчилгээний хэлтсийн дарга С.Баярсайхан болон орон нутгийн сэтгүүлч нарын 23 хүн багтлаа.

Манай баг Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл сумаар зочилж, аж амьдрал, бүтээн байгуулалттай нь танилцсан юм. Архангай аймаг 19 сумтай ч аяллын багт цаг бага, хөтөлбөр шахуу байсан тул дээрх гурван сумыг сонгов.

 Цэвэрлэх байгууламж байгуулвал "Залуус- 2, 3" хороолол сүндэрлэх боломжтой

Аяллын багийн эхний зогсоол Архангай аймгийн Хотонт сум байлаа. Биднийг Хотонт суманд очиход Архайнгай аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Буянтогтох, аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбаатар, МОНЦАМЭ агентлагийн Архангай аймаг дахь сурвалжлагч Л.Булган, Хотонт сумын ЗДТГ-ын дарга А.Оюунаа нар алд цэнхэр хадаг, айраг, цагаан идээгээ барин угтав.

Хотонт сум нь өнө эртэд Дулаан уул хэмээн нэрийдэж байсан Хотонт уулын бэлд оршино. Монгол газарт оршиж байсан Уйгур улс зэргэлдээ нүүдэлчин Енисейн Киргизүүдэд ялагдаж нийслэл Ордубалык (Ордубулиг, Балиглиг) хотоо эзлүүлж, баруун зүг зугтжээ. Харин зарим овог Киргизүүдийн эрхшээлд орсны дотор оюун билиг, гоо үзэсгэлэн төгс Дой хатан байжээ. Дой хатны үзэсгэлэн гоо, билэг оюуныг харь дайсан нь хүндэлж нэгэн цагаан нуурын хөвөөн дахь орд харшид суулган үлдээсэн нь эдүгээ Дойтын цагаан нуур аж. Дой хатныг насан эцэслэхэд түүний шарилыг Дулаан уулын зүүн бага оргилын оройд 5x6 метрийн өрлөгтэй найман талтай чулуун бунханд  мөнхөлжээ. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болсон түүхтэй. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатант уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотунт буюу Хотонт болон нэршиж өдгөөг хүрчээ.

Хотонт сумын нутаг дэвсгэрт Хар балгас, Хотонт хайрхан, сүүл толгойн буган чулуун хөшөө, Дөрвөлжингийн амны туйр, Эрдэнэ уулын хадны зураг Түвхэн хийд зэрэг олон түүх дурсгалын газар бий. Түүх, дурсгалын газруудын талаар дараагийн цувралдаа дэлгэрэнгүй хүргэх тул энд хүрээд зогсъё.

Хотонт сум 1923 онд байгуулагдсан. Тус сум Хотонт, Хөөвөр, Бургалтай, Улаан чулуу, Орхон, Өндөр сант гэх зургаан багтай. Дээрх зургаан багт 244 мянган толгой мал бүхий 1350 гаруй өрхийн 4400 хүн аж төрж байна. Тус сумаас Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч С.Данзан, Хөдөлмөрийн баатар С.Лхагважав, УИХ-ын гишүүн С.Одонтуяа зэрэг Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан олон алдартан төрсөн юм.

Хотонт сумын брэнд буюу гол нэрийн бүтээгдэхүүн бол айраг. Булган аймгийн Сайхан, Могод зэрэг сумын айраг Монголдоо шилдэгт ордог байхад яагаад Хотонт гэж хэмээн уншигч та гайхаж мэднэ. Үүний шалтгаан маш энгийн. Булган аймгийн Сайхан, Могод сумын малчид Хотонт сумаас ирж айрагны хөрөнгө авдаг байна.

Хотонт сум өөрийн брэнд болох айргаа олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүрийн 8 дугаар сард Айрагны баяр зохион байгуулж, 8 төрлийн тэмцээн уралдаан явуулдаг бөгөөд үүнд хамгийн сайхан айрагтай өрх, хамгийн том хөхүүр, унаганы ногт, чягт томох уралдаан болдог.

Тус баярт Хотонт сумтай хаяа дэрлэн орших Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат болон Өвөрхангай аймгийн  Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын малчид оролцдог байна. Цаашид энэхүү тэмцээнээ улам бүр өргөжүүлэн улсын хэмжээний  томоохон тэмцээн болгохоор зорин ажиллаж буйгаа сумын удирдлага хэлэв.

Сумын Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн тухай ЗДТГ-ын дарга А.Оюунаа мэдээллээ.

Хотонт сумын нийт хүн амын 30 хувийг залуус эзэлдэг. Тиймээс залуу гэр бүлийг дэмжих зорилгоор “Гудамж” төсөл, Сумын хөгжлийн сан болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 30 өрхийн “Залуус” жишиг хорооллыг байгуулжээ. Тус хороолол нь нэг стандартын хашаатай бөгөөд хороолол дундах гэрэлтүүлэг болон явган хүний замтай.

Мөн сумын төвд “Бизнес хөгжлийн төв” байгуулсан бөгөөд одоогоор гутал засвар, хэвлэн олшруулах газар, зурагчин зэрэг 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөг гаргаж Худалдааны төв байгуулж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн олон улсын стандартад нийцсэн зочид буудал байгуулахаар ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан сумын дэд бүтцийн асуудал хөндөгдөж байгаа тухай А.Оюунаа дарга ярив. Тэрбээр, “Залуус” хорооллын цэвэрлэх байгууламж байгуулах шаардлагатай.Цэвэрлэх байгууламжаа байгуулж чадвал “Залуус-2”, “Залуус-3” хорооллыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ байгууламжид хэдэн төгрөг шаардагдах тухай нарийн тооцоог гаргаж амжаагүй байна. Одоогоор судалгааны ажлын хүрээнд явж байгаа” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлаас гадна малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, Төв аймгаас илүү нугаламтай хуц нутагшуулсан бөгөөд малчдад гэрээгээр түрээслүүлэн үржилд оруулж байгаа аж. Мөн малчдын усны хэрэглээг хангахын тулд 2 худаг шинээр гаргажээ. Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр энэ мэт олон ажил  хийснийг сумын удирдлагууд дурьдаад Засгийн газраас орон нутагт төсвөө захиран зарцуулах эрх олгосонд талархаж буйгаа илэрхийлэв.

Ийнхүү тун шахуу хөтөлбөртэй явсан бид товлосон хугацаанаас хоёр цаг хоцорч Төвшрүүлэх сумыг зорив.

 "Улсын тэргүүний"  Соёлын төв болох зорилт тавин ажиллаж байна

Төвшрүүлэх сумыг 1938 онд байгуулагдсан хэмээн түүхэнд дурьдсан байдаг. Сумын үндсэн суурийг тавьсан хадлангийн морин станц гэдэг нь 20 гаруй морин хадуур, мөн тэр хэмжээний тармуур, бас өвс боогчтой ирж Ар хүйтний Хүйтэн нуурын чанх хойно Дагинын толгойн ард орших “Хонх тал” гэдэг газар 10 гаруй гэр, майхан барьж суурьшиж буудалласан билээ. Энэ нь орос улсаас Маршал Чойбалсанд бэлэглэсэн 10 морин станцын нэг байв. Үүнээс хойш 2 жилийн дараа морин станц нүүж одоогийн Төвшрүүлэх сумын төв байгаа “Хонхор нуур”-ын хойт дэнж дээр суурьшжээ. “Хонхор нуур” бол усны шувуудын ганганаан тасардаггүй дүүрэн устай гүн цэнхэр нуур юм. Ер нь энэ сумын байгаль, газар зүйн байрлал тун зохистой. Уул ус нь тэгширч, ургамал цэцэг нь жигдэрсэн сайхан нутаг.  Сумын нутаг дэвсгэрт хөвч хангай, тал хээрийн нутаг аль аль нь бий.

1943 онд Төвшрүүлэх сум- сангийн аж ахуй нэртэйгээр дахин шинэчлэгдэн байгуулагджээ. Улс орон даяар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гурил, малын тэжээлийн асуудлыг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор Улс төрийн товчооны 40 дүгээр тогтоолоор байгуулсан ууган 5 аж ахуйн нэг нь Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байв.

Төвшрүүлэх сум нь Улаанбаатар хотоос 464 км, Цэцэрлэг хотоос 45 км зайд, ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт нутагт оршино. Үндсэн үйлдвэрлэл нь мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлдэг. 2008 оны малын тооллогоор нийт 108900 толгой малтай, үүний 9778 адуу, 6186 үхэр, 47973 хонь, 44963 ямаатай болжээ. 1973 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан тус суманд эдүгээ 3000 гаруй иргэн аж төрж байна.

Биднийг Төвшрүүлэх сумын Засаг дарга Д.Болормаа угтаж, сумынхаа аж байдлыг танилцуулсан юм.

Төвшрүүлэх сумын төв замаас 7.5 км алслагдсан тул бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад хүргэхэд хүндрэлтэй байдаг тухай дурьдав. Тэрбээр, Сумын иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, бараа үйлчилгээгээ бусдад хүргэхийн тулд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Төвшрүүлэх сумд 2012 оноос хойш хэдэн хэдэн бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал иж бүрэн спорт заал бүхий, 320 хүүхдийн хичээлий байртай сургууль барьж байгаа аж. Мөн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг бүрдүүлэх чиглэлээр сумын төвд гэрэлтүүлэг тавьжээ. Төвшрүүлэх сумын хүн амын 30 орчим хувийг залуус эзэлдэг тул Хотонт сумын адилаар “Залуус” хороолол байгуулахаар ажлаа эхэлж байгаа юм байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тоглоомын төв, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулахаар ажиллаж байгаа юм.Тус сумын Сум хөгжүүлэх санд жилд 300 сая төгрөг төвлөрдөг. Хөрөнгөө 1-3 жилийн хугацаатай 0.5 хувийн хүүтэйгээр жижиг дунд үйлдвэр болон малчдад олгодог тухай Д.Болормаа дарга танилцуулав.

Тус сумын ЗДТГ-ын бүх хаалга шилэн байх бөгөөд учрыг асууваас албан хаагч ажлаа хийж байгаа эсэх, ажлын цагийг хэр бүтээмжтэй ашиглаж буйг тодорхойлох зорилготой гэнэ. Ингэснээр дарга нар биш энгийн иргэд ч төрийн алба хаагчдын ажлыг хянах боломж бүрджээ.

Сумын удирдлагийн 80 хувь нь бүсгүйчүүд байгаа нь сонирхол татав. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт  анхны сум бөгөөд 2014 оны Аймгийн тэргүүний сумаар шалгарсан хөдөлмөрч хамт олон юм.

Соёлын төвөө “Улсын тэргүүний” гэх цолтой болгохын тулд их л шаргуу ажиллаж байгаа нь илт байв. Төвшрүүлэх сумын Соёлын төв 1959 онд ашиглалтад орсон бөгөөд орчин үеийн барилгын ур хийцийг оруулсан анхны клуб гэж болно. Соёлын төвийн үүдээр ороход яг л цэвэр цэмцгэр айлд орж буй мэт сэтгэгдэл төрсөн. Бельтаж, ложтой, үзэгчдийн зааланд дэвссэн хивс, хивсэнцэр дээгүүр гуталтай гишгэхэд хайран санагдам, бүх зүйл нь эмх цэгцтэй, сайн гэрийн эзэгтэйтэй цэвэрч айлыг санагдуулсан. Үйл ажиллагаа нь жигдэрсэн тус хамт олон Улсын тэргүүний Соёлын төв болох зорилт тавин ажиллаж байна. Урлаг соёлын алдартнууд тоглолтоо хийхээр ирээд эдний Соёлын төвийн цэвэр цэмцгэр байдлыг шагшин магтаад явдаг хэмээн тус төвийн ажилтнууд ярьж байв. Эднийхээс МУСГЗ Л.Хуушаан, Л.Дашням, СТА Ч. Авирмэд зэрэг олон алдартан төрөн гарчээ.

Манай суманд ирсэн УИХ-ын гишүүд, сайд, дарга нар “Танай сумын Соёлын төвийг Улсын тэргүүний төв” болгоно гэж амлаад явдаг ч өнөөг хүртэл таг чиг байна. 2012 онд Улсын тэргүүний Соёлын  төвийн болзолт уралдаанд материалаа явуулсан ч тавдугаар байрт орсон. Хэнтий аймгийн Батноров сумын соёлын төв хошой тэргүүн болсон. Бид Батноров сумын туршлагыг судлаад ирсэн. Ерөнхийдөө ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг сайхан хамт олон байсан гэлээ.

Хамгийн олон мянгат малчинтай Батцэнгэл сум

Бидний дараагийн зогсоол улсдаа нэр алдраа цуурайтуулсан хүчит бөхчүүд, мянгат малчнаараа алдартай Батцэнгэл сум байв. Тус суманд Монгол улсын аварга Г.Вандан, даян аварга Г.Өсөхбаяр нар мэндэлжээ. Түүнчлэн Улсын алдарт уяач С.Цэдэндамба, Улсын сайн малчин М.Гочоо, Философийн ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн, Анагаах ухааны доктор П.Одонтуяа зэрэг олон алдартнаараа бахархдаг.

Батцэнгэл сум нь үзэсгэлэнт Хангайн нурууны үргэлжлэл домогт Чингэлтэй нурууны бэлд уртаараа 110 км, өргөн нь 40-60 км, 3339 км.кв талбай бүхий уудам нутаг дэвсгэрт байрладаг. Үүний 25,4 мянган га нь ой мод, 0,9 мянган га-г гол горхи эзэлдэг. Сумын төвийг Жаргалант гэж нэрлэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 408 км, аймгийн төвөөс 68 км зайд оршино. Тус сум нь Улаан чулуу, Хөнөг, Цац, Дэл, Даага хэмээх багаас бүрдэнэ.

Хойд, урд Тамирын голын үржил шимт цэлгэр хөндий, Баян цагаан, Элст, Шивэрт, Ар хужирт, Ээзгэнтийн хужирт, Халзан, Улаан чулуут, Асгат, Бодонт, Бүрд гэх мэт тунгалаг гол горхи, Цац, Хүрээ нутаг, Урт шивэрт, Ээзгэнтийн рашаанууд, Цагаан, Хаг, Тойром, Хөнөг, Хүйтэн ар их зэрэг нуур тойрмуудтай.

Төмрийн хүдэр, шохойн чулуу, шороон будгийн орд, цахиуржсан мана, цагаан гантиг, усан ба утаат болор, балт чулуу гэх зэргийн ашигт малтмалын илэрцтэй баялаг сум.

Батцэнгэл сумын төвөөс умар зүг сүндэрлэж буй Чингэлтэй уулын өвөрт анх Богдын хүрээг байгуулж болох сайхан нутаг хэмээн сонгож, шинжээчид ирсэн тухай нутгийн олон ам дамжин ярилцдаг. Тус сумын Ваартын ам, Гол мод, Хаалгын ам зэрэг газраар эртний Монголын аймаг улсын түүхэнд холбогдох ахуй, аж амьдрал, соёлын дурсгалт зүйлс, ваар, шаазан, зүүлт чимэг болон чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийн зарим нэг олдоц, Тоглохын тал, Хэрэмтийн талд эртний хот балгадын туурь байдаг. Түүнчлэн Хүннү булш, чулуун хөшөө, хиргисүүр, буган чулуу, хадны бичээс зэрэг 30 гаруй дурсгал бүртгэгджээ.

Тус суманд сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал сумын төв орох замд байх 1960 оны үед барьсан Тамирын голын гүүр шаардлага хангахгүй болсон тул  өнгөрсөн онд улсын төсвөөс 3.9 тэрбум төгрөг гаргаж,  210 метр урт төмөр бетонон гүүр барьжээ. Энэ нь хот хоорондын тээврийг хөгжүүлэх томоохон түлхэц болсон талаар Батцэнгэл сумын Засаг дарга Я.Батгэрэлсайхан танилцуулав.

Түүнчлэн сумын төвд спорт заал, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв болон хүн эмнэлгийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.

2014 онд Батцэнгэл сумын түүхт 90 жилийн ой тохиосон байна. Энэ хүрээнд 35х70 метрийн Хүндэтгэлийн талбай байгуулжээ. Тус талбайд тоглолт хийж болох бөгөөд задгай тайз байгуулж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж  хийжээ. Энэ нь бусад сумдад жишиг болж байгаа гэнэ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын хогийн цэгийг байгуулах, бусад нэн шаардлагатай бүтээн байгуулалт хийхэд томоохон боломж бүрдүүлж байгаа тухай сумын иргэд ярив.

Батцэнгэл сум нь Төвийн эрчим хүчинд 20 гаруй жилийн өмнө холбогдсон бөгөөд гар утас, шилэн кабель зэрэг бүх үйлчилгээг цогцлоож, хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйгаа дуулгав.

Сайны хажуугаар саар гэгчээр тулгамдаж буй асуудал олон байгааг ч тэд нуусангүй. Батцэнгэл сум 50 мянгат малчинтай, 2014 онд л гэхэд 17 мянгат малчин төржээ. Нийт 320 мянган толгой малтай, мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа хоёрдугаарт ордог. Малын тоо толгой өсч иргэдийн аж амьдрал дээшилж байгаа ч энэ хирээр бэлчээрийн менежмент алдагдаж байгаа аж. Тиймээс олон толгой мал гэхээс илүү цөөн тооны үр өгөөжтэй, сайн чанарын үүлдрийн мал нутагшуулах шаардлагатай байгаа. Үүнд сумын удирдлагууд төдийгүй малчид ч анхаарах хэрэгтэй гэдгийг Засаг дарга онцлов.

Мөн орон нутагт Хөдөө аж ахуйн бирж байгуулсан гэдэг ч малчдад хүрч ажиллахгүй байна. Орон нутагт мал, малын гаралтай түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ унасан. Энэ нь малчдын ахуй амьжиргаанд нөлөөлж байгаа тул Хөдөө аж ахуйн биржийг идэвхтэй, малчдад  хүрч ажилладаг байхыг хүсч байв. Ченжүүд малчдаас бүтээгдэхүүнийг нь маш хямд худалдаж аваад хот хүрээ рүү  хэдэн хувь нэмж борлуулдаг нь нууц биш. Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёр нь ядуурч ченжүүд баяжаад байхаар улсын эдийн засаг саарахад нөлөөлж буйг малчид ам уралдан ярьж байлаа.

Ийнхүү Архангай аймгийн сумдаар аялсан тэмдэглэл энд хүрээд дуусч байна. Архангайн сумд ийнхүү бусад аймаг, сумдын үлгэр жишээ болон хөгжсөөр байна.

Бид тус аймгийн Эрдэнэбулган сумын үйл ажиллагаатай танилцсан ч энэхүү цувралдаа оруулсангүй. Учир юу гэвээс тус сум нь Архангай аймгийн төвд харьяалдаг тул Цэцэрлэг хотын аж амьдрал, бүтээн байгуулалттай танилцсан тэмдэглэлдээ оруулахаар орхив.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻
注释