Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-30 14:05:15

Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас хамтран зохион байгуулж байна.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг сургалтыг нээж  хэлэхдээ “Танхимын сургалтаар зөвхөн анхан шатны ойлголтыг өгнө. Гурван өдрийн сургалтад эвлэрүүлэн зуучлалын талаарх чухал хичээлүүдийг хамруулсан учраас энэ боломжийг алдалгүй, хариуцлагатай, суралцахыг хүсье” гэлээ.

Тус сургалтад эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан 25 хүн хамарч байна. Тэдэнд Улсын дээд шүүхийн шүүгчид, Нийслэлийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчид, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүд, Японы мэргэжилтэн багш, МУИС-ын ХЗС-ийн багш нараас гадна сэтгэл судлаач, гэр бүл судлаач нар хичээл заах юм.

Сургалтын дараа оролцогчдод "Эвлэрүүлэн зуучлах эрхийн гэрчилгээ" олгоно.

Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой 7542 өргөдөл хүлээж авснаас 4980 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻
注释