“Лалын улс”-ын санхүүгийн мэдээлэлд шан харамж амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-30 14:33:09

ВАШИНГТОН. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн тогтолцоог устгах боломж олгох мэдээлэл өгсөн хүнд 5 сая долларын шан харамж өгөхөө АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.

Төрийн департаментын мэдээлснээр, Сири, Иракийн нефть болон эртний эдлэлийн худалдаанаас “Лалын улс”-ын босогчид “олон сая доллар олж байгаа нь энгийн иргэдийг басамжлан доромжилж, дарлан зовоох боломж олгож байна”.

Ийм мэдээлэлд анх удаа шан харамж амлаж байгаа болохыг тус байгууллага онцлон дурджээ.

Террорист “Лалын улс” бүлэглэл нь 2013-2014 онд “Ирак, Левантын лалын улс” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тус бүлэглэл 2014 оны зургадугаар сард эзлэн авсан газар нутагтаа “лалын халифт” улс байгуулснаа  зарлаж, нэрээ “Лалын улс” болгон өөрчилсөн билээ.

“Лалын улс” 30 мянга орчим гишүүнтэй гэж Америкийн Тагнуулын төв газар тооцоолж байгаа бол Иракийн эрх баригчид 200 мянга гэж мэдэгдэж байна. Лалын шашинтнуудын эгнээнд Франц, Их Британи, Герман, Марокко, Саудын Арави, АНУ, Канад болон ОХУ, мөн ТУХН-ийн зарим орнууд зэрэг 80 орны иргэд нэгджээ. Зарим мэдээллээр, босогчид одоогийн байдлаар Иракийн газар нутгийн 40 орчим  хувийг, Сирийн газар нутгийн 50 орчим хувийг хянаж байна.

Д.Жаргал

相关新闻
注释