Төрийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:12:10

Иргэд зарим төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга байдалд дунд болон түүнээс доош үнэлгээ өгчээ.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ  “Дундговь ИНБ-уудын Сүлжээ" ТББ -тай хамтран “Авлигагүй ирээдүйг хамтдаа" төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Одоогийн байдлаар энэ төслийн хүрээнд аймгийн Татварын хэлтэс, Мэргэжлийн  хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Сум дундын шүүхийн үйл ажиллагааны ил тод, шударга байдал, үр нөлөө, иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаад нь 350 гаруй иргэнийг хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон иргэд дээрхи байгууллагуудын үйл ажиллагааг сэтгэл ханамжгүйгээр үнэлжээ.

Дээрхи дөрвөн байгууллагын үйл ажиллагаанд судалгаанд оролцогчдын нийтлэг өгсөн үнэлэлтээс үндэслэн төрийн албан хаагчдын хүнд суртлыг халах, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, зан байдал, харилцааны ёс зүйг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн албан хаагчид шударга байж, иргэдэд тэгш үйлчлэх, ажлын хариуцлага, үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг судалгаа хийсэн ТББ- аас тухайн байгууллагуудад хүргүүлсэн байна.

“Авлигын эсрэг хамтдаа” төслийн хүрээнд мөн 10 сумын 550 гаруй иргэнийг хамруулан “Төрийн үйлчилгээ- суманд” гэсэн судалгааг авсан. Тайланг нэгтгэж байна гэж “Дундговь ИНБ- уудын сүлжээ” ТББ- ын гүйцэтгэх захирал Ш. Өлзийсайхан хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释