УИХ-ын намрын чуулган нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 10:52:16

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв. Тэрбээр үгийнхээ эхэнд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа ээлжит бус чуулган хуралдсан ч зарим хуулийн төслийг хараахан хэлэлцэж амжаагүй тул энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ гэв.

Тэрбээр, “2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй” гэсэн юм.

Үүний зэрэгцээ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн нэг удаагийн хаврын чуулган үлдэж байгааг УИХ-ын дарга онцлоод, "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх ёстой. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд хамаарах болно. Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд та бидний хариуцлага, санаачилга, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж хурдтай ажиллах хэрэгтэй” гээд гишүүд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриаллаа.

Намрын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдаж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарьт тусгасан асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Б.Туул

相关新闻
注释