АНУ ОХУ-ын агаарын цохилтыг анхааралтай ажиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-01 11:01:46

ВАШИНГТОН. /NHK/. Сирийн нутаг дэвсгэрт өгсөн ОХУ-ын агаарын цохилт нь “Лалын улс” бүлэглэлийн босогчид байхгүй газрууд руу чиглэж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өглөө гэж ОХУ мэдэгдсэний дараа буюу өчигдөр Картер мэдэгдэл хийсэн байна.

Анхан шатны нотлох баримтаас үзвэл, ОХУ “Лалын улс” бүлэглэлийн босогчид байхгүй газруудад агаараас цохилт өгсөн байна гэж Картер мэдэгджээ. ОХУ Сирийн сөрөг хүчин рүү халдаж байж болзошгүйд санаа зовж байгаагаа тэрбээр илэрхийлээд, ОХУ-ын энэ стратеги Сирийн иргэний дайныг дэврээнэ гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, ОХУ болон АНУ-ын армийн дунд санаандгүй мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс хоёр улс хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв.

"Лалын улс” бүлэглэлийн цэргийн техник, харилцаа холбооны байгууламж, зэвсгийн агуулахад ОХУ-ын агаарын цэргийн хүчин цохилт өглөө гэж тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

 

相关新闻
注释