Курдууд ОХУ-ын дэмжлэгийг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-01 11:53:25

МОСКВА. /Sputnik/. “Лалын улс” болон бусад террорист бүлэглэл, тэр дундаа, “Нусра Фронт”-той тэмцэх Курдын ажиллагаанд ОХУ тусалж чадна гэж Курдын Ардын хамгаалах ангийн ерөнхий командлагч Сипан Хемо мэдэгдэв.

Сирийн хүсэлтийн дагуу ОХУ анхны агаарын цохилтоо “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өчигдөр өгсний дараа Сипан Хемо мэдэгдэл хийсэн байна.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор ОХУ-ын агаарын цэргийн хүчнийг хилийн чанадад байрлуулах хүсэлтийг Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын парламентын дээд танхимд өчигдөр өргөн барьж, дээд танхим хүсэлтийг санал нэгтэйгээр баталжээ.

ОХУ-ын агаар цэргийн хүчнээс гадна, Сири болон Иракийн Засгийн газрын хүчнүүд, Сири болон Иракийн курдууд, АНУ тэргүүтэй агаараас цохилт өгөх олон улсын эвсэл “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байна.

Д.Нямтулга

相关新闻
注释