Байгаль хамгаалах намрын аян хараахан эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:02:11

БОНХАЖ- ын сайдын тушаалаар байгаль хамгаалах намрын аян өнгөрөгч сарын 28-наас орон даяар эхэлсэн. Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэ аян өнөөдрийн байдлаар Дундговь аймагт хараахан эхлээгүй байна.

Аян хэзээ эхлэх талаар БОАЖГ- ын мэргэжилтэн Р.Баттүвшингээс тодруулахад, яамнаас ирүүлсэн удирдамжийн дагуу аяны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг гаргана. Төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэлцэн батлах бөгөөд төлөвлөгөө гарсны дагуу аяныг эхлүүлнэ гэлээ.  

Байгаль хамгаалах сарын аяныг энэ жил “Байгаль хамгаалал- Орон нутагт” сэдвийн дор зохион байгуулах бөгөөд аяны  хүрээнд БОНХАЖ-ын яамнаас баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт, мэргэжлийн удирдлага, зөвлөмж өгөх ажээ.

Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг БОАЖГ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释