Монреаль хотод болсон Дорно дахины наадамд анх удаа оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Монреаль хотод энэ сарын 10-13-нд болсон Дорно дахины наадамд анх удаа оролцож, Монгол Улс, монголын ард түмний түүх, соёл уламжлал, оюуны бүтээлийг сурталчлав.
Наадмын үеэр орчуулагч Р.Мөнхзулын франц хэлнээ хөрвүүлсэн Монголын утга зохиолын дээжис, зураач, уран бичээч В.Баатарчулуун, Т.Гантулга нарын уран бүтээлийг дэлгэн үзүүлсэний зэрэгцээ морин хуурч, хөөмийч А.Ананд, Х.Үүрийнтуяа, ардын бүжгийн “Сувд” хамтлагийн бүжигчин Г.Хулан, Т.Халиун, Г.Сайнзаяа, лимбэчин Б.Цогтсайхан, хөгжимчин Н.Баярсайхан болон канадын уран бүтээлч Жули Руссо нар монгол дуу хөгжим, бүжгээр зочдын мэлмий, сонорыг мялаав. Монголын Шагайн харвааны төлөөлөгч Б.Батзориг цэц мэргэнийг сорьсон уламжлалт спортын төрлийг тайлбарлан үзүүлсэн нь олны сонирхлыг ихээр татсан юм.
Мөн Канадын хамгийн олон уншигчтай "LaPresse" сонины сэтгүүлч, улс төр судлаач Жан-Фредерик Легар Тремблэй, Монреалийн их сургуулийн докторант Жереми Лэ Бланк-Гутиэр, “Монгол-шуранхайлж байгаа элсний нутагт хийсэн гайхамшигт аялал” номын зохиогч, аялагч Чарльз Роберж нар наадмын зочдод Монгол орны талаар танилцуулж, сонирхолтой яриа өрнүүлэв. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам болон Канадын Кубэк муж дахь Монгол-Канадын нийгэмлэг, Монголын Шагайн харвааны салбар зөвлөл, мөн монгол гэрийг канадчуудын хэрэглээнд нэвтрүүлж буй "Groovy Yurts" компанитай хамтран дээрх арга хэмжээнд амжилттай зохион байгуулсан аж.