Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны орон болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-27 13:00:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)ас манай улсыг тус байгууллагаас тавьдаг үнэлгээ бүхий нийт 40 зөвлөмжийг бүрэн биелүүлснийг мэдэгджээ.


Энэ үр дүнгээр Монгол Улс Ази тивийн анхны орон болж байна. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас тодруулав.


-ФАТФ манай улсын эрсдлийн үнэлгээг хамгийн сүүлд хэзээ хийв? Цаашид анхаарах зүйлүүд юу байв?

-ФАТФ нь манай улс дахь мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, хууль бус санхүүжилттай холбоотой үйл ажиллагааг 2017 онд хянан шалгаж, нийт 40 зөвлөмжөөс 15-ыг нь хангалтгүй биелүүлж байна гэсэн дүнгээр 2019 онд тус байгууллагын стратегийн дутагдалтай орнуудын гэх саарал жагсаалтад оруулж байсан.

Улмаар дутуу гүйцэтгэлтэй байсан 6 үүрэг даалгаврыг биелүүлснээр 2020 онд дээрх жагсаалтаас гарсныг та бүхэн мэдэж байгаа. Одоо манай улс жил бүр ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн салбар байгууллагад тайлангаа хүргүүлэн өгдөг. Хамгийн сүүлд энэ оны 7 дугаар сарын сүүлээр Канадад болсон бүсийн уулзалтад тайлангаа хамгаалсан. Улмаар тайлан маань батлагдан олон улсад гарч ирээд байна. Үүгээр манай улс ФАТФ-ын нийт 40 зөвлөмжийн үнэлгээг ахиулан бүрэн биелүүлсэн орон болж байна. 


Монгол Улс Ази тивд ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн анхны орон болов.


-Манай улс ФАТФ-ын шаардлагын үнэлгээг ахиулсан гэдгийг тодруулна уу?

-Манай улс 40 зөвлөмжийн 8 дахь үнэлгээг сайжруулах шаардлагатай байсан. Нэг ёсондоо үүний өмнө Монгол Улс ФАТФ-ын нийт 40 зөвлөмжийн 39-ийг нь биелүүлээд байсан гэсэн үг. Дутуу байсан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор ашгийн бус байгууллагуудын (ТББ-уудын) үйл ажиллагааг хянах явдал байлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан дээрх үйл ажиллагааг сайжруулсан.




Цаашид анхаарах зүйлийн тухайд, Монгол Улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэхтэй холбоотой үйл ажиллагааг сайжруулах хүрээнд: Эрсдлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, Комплайнсын зөвлөл, финтекийн холбоо байгуулах, Цахим платформтой болох “амлалт”-ыг ФАТФ-ын өмнө авч байна. 



Мөн манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлуулан гаргаж мөрдөж эхэлсэн. Ингэснээр Ази тивдээ виртуал зохицуулалтыг хийсэн анхны орон болсон. Эдгээр ажлыг хийснээр манай улсын үнэлгээ ахисныг албан ёсоор зарлаад байна. Үүнийг дагаад манай улсын мөнгө, санхүүгийн салбарт эерэг өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нэр хүндэд таатай нөлөөлнө гэсэн хүлээлт бий болж байна гэв. 

Тэрбээр, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа хамтын ажиллагаан дээр суурилдаг хэмээн тодотгож, Монгол Улс энэ чиглэлээр Үндэсний болон Хамтын ажиллагааны гэсэн хоёр зөвлөл байгуулан мөнгө угаах, терроризмтэй тэмцэх ФАТФ-ын үйл ажиллагааг ханган ажиллаж байгааг онцоллоо. Энд төрийн 20 орчим байгууллага хамрагдаж ажиллаж байна.

Улсын хэмжээнд санхүүгийн эрсдлийн үнэлгээг хийхээс эхлээд урдчилан сэргийлэх, мэдээлэх, дүн шинжлэх зэргээр зохицуулах болон хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд тулгуурлан ажиллаж байна. Хамтын ажиллагааны зөвлөл дээрх үйл ажиллагааг бүхэлдээ зангидан, хийж буй ажлаа Үндэсний зөвлөлдөө тайлагнадаг байна. 


相关新闻