Дэлхийн нийт хулангийн 90 орчим хувь нь Монголд байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-02-16 10:34:19

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол орны хэмжээнд 89 мянга орчим хулан байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хулангийн 90 орчим хувь болохыг БОАЖЯ мэдээллээ.


Хулангийн тархац нутгийн хэмжээ дэлхий дээр 360 мянган км.кв орчим бөгөөд Монголын говь тархац нутгийнх нь 72 хувийг эзэлж байна. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км.кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.


Монгол орны хулангийн цөм сүргийг агуулсан өмнийн говьд уул уурхай, авто болон төмөр зам эрчимтэй хөгжиж байгаа нь хулангийн амьдрах орчныг доройтуулах, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа. Манай улс өнгөрсөн онд хулан бүхий улс орнууд хамтран бүс нутгийн хамгааллын төлөвлөгөөг боловсруулахад тэргүүлэх байр суурьтай оролцсон билээ.


Узбекистан Улсын Самарканд хотод Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлыг энэ сарын 15-17-нд зохион байгуулах үеэр (CMS COP14) “Дэлхий дээрх хулангийн судалгаа, хамгааллын асуудлууд” салбар хуралдаан болсон юм. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөл (Equid Specialist Group)-өөс зохион байгуулсан салбар хуралдаанд Монгол Улсаас судлаач, доктор Б.Бүүвэйбаатар “Монгол орны хулангийн популяцын төлөв байдал, хамгааллын асуудал” илтгэлийг танилцуулжээ.

 

相关新闻