Аялал жуулчлалын хөтөч нарыг мэргэжлийн шалгалтад оруулж зэрэглэл тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-20 17:02:08

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч нар өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд чуулав.


Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооноос 2020 онд хийсэн судалгаагаар аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн томоохон хэсэг болдог мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын тоо манай улсад 609 байсан бол цар тахлаас хойш нэг мянга гаруй болж нэмэгдсэнийг дээрх холбооны сургагч багш Л.Ганцэцэг хэллээ.


Энэ удаагийн ээлжит чуулганаар:

  • Хөтөч, тайлбарлагч нарыг мэргэшүүлж, сургах,
  • ангилал, ур чадварын зэрэглэл тогтоох,
  • ёс зүйн кодыг хэрэгжүүлэх,
  • үнэмлэх олгож, даатгалд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.


2023 онд шинэчлэн баталсан Аялал жуулалын тухай хуульд хөтөч, тайлбарлагч нарт зэрэглэл тогтоох талаар тусгаж, энэ талын журмыг салбарын яамнаас гаргаад буйг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг дурдаж, одоо журмыг хэрэгжүүлж ажиллахад мэргэжлийн сургалтыг үе шаттай зохион байгуулах хэрэгтэй байгаа. Улмаар сургалтын дараагаар шалгалт авч зэрэглэл тогтооно гэв.



Манай улс 2023 онд 640 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгож, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилготой 2024 оныг угтаж байна. 


Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Амаржаргалаас зарим зүйлийг тодруулав.

-Одоогоор хөтөч, тайлбарлагчдыг хаана, хэрхэн бэлдэн сургаж байна вэ?

-Манай улсад яг одоо хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэдэг сургууль байхгүй. Их, дээд сургуулиудын аялал жуулчлалын ангид ерөнхийд нь хавсарган сургаж байгаа.

-Хөтөч, тайлбарлагчдыг ямар байдлаар ангилж байна вэ?

-Ерөнхийдөө хүмүүс энэ асуулт тавихад гадаад хэл, эх орноо сайн мэддэг байх гэсэн шалгууруудыг нэрлэдэг л дээ. Хөтөч, тайлбарлагч нар хамгийн эхэнд жуулчдад бүх талаар үйлчлэх мэргэжлийн байх учиртай юм. Ангиллын хувьд ерөнхий хөтөч, мөн тусгай байдлын гэж хоёр хуваадаг. Тусгай ангилалд уулын болон морин аялал, дугуйн аяллын хөтөч ордог гэв.


Тэрбээр, аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч нар нь тухайн улс орны, жишээ нь, манай улсад гэхэд орон нутгийн иргэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авахад холбох, мөн гадаадын жуулчдыг Монголын нөхцөл байдалд хүлээн авч эх орноо танилцуулж, аялуулахад чухал үүрэгтэй хүмүүс юм гэдгийг тодотгон хэллээ.

Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооноос БОАЖЯ-ны ивээл дор зохион байгуулсан “Жуулчны хөтөч тайлбарлагчдын III чуулган”-д нийт 376 хөтөч бүртгүүлснээс 235 нь биечлэн оролцож, чуулганы үйл ажиллагааг цахимаар дамжуулав



相关新闻