БАЯНХОНГОР: Хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-12 15:41:29

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах гэж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон Байнгын хорооны ажлын алба ХЭҮК-той хамтран Баянхонгор аймагт ажиллаж, хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас найман км-ийн зайд уул уурхайн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан тус сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх эрсдэлд хяналт тавих, холбогдох зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага чиг үүргээ хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулахаар сумын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мөн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байна.

Мөн үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, аливаа хувийн хэвшил, төрийн бүхий л үйл ажиллагаа хүний эрх дээр суурилах нь чухлыг онцлоод, хэдийгээр хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлүүдийг авсан ч тэр нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байвал уг асуудлыг цогцоор нь хөндөх ёстой. Тиймээс энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулж, УИХ-аар Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцэх үеэр асуудлыг дэвшүүлж ажиллахаа сумын удирдлага, иргэдэд илэрхийллээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга орон нутагт ажиллах үеэрээ аймгийн шүүх, прокурор, цагдаагийн болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг дээдлэх зарчмыг баримтлах, хүний эрх хамгаалагчдын эрхийг хүндэтгэх, хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах чиглэлээр үүрэг өгөв.



УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, Шүүхийн нээлттэй, бие даасан байдал, шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийг үзэл баримтлал, зорилгын хувьд бүрэн хангах зэрэг асуудлаар алба хаагчидтай санал бодлоо солилцож, өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл хүргэсэн.


Мөн шүүхэд үүсээд байгаа хүний нөөцийн асуудал, шүүхийн төсөв санхүүгийн талаар харилцан санал солилцож шүүгч, шүүхийн захиргааны ажилтны цалин хөлс, орон тоо, нийгмийн баталгааг хангах, шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бүрдүүлэхэд хуулиудын уялдаа холбоог сайжруулж өөрчлөлт оруулах, шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв нэмэгдүүлэх зэрэг асуудлын талаар зөвлөлдсөн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүх хуралдааны танхим, өрөө тасалгаатай биечлэн танилцах үеэр Шүүхийн тамгын газраас сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхийн хөрөнгө оруулалтын төсөвгүйн улмаас эд хогшил хуучирч муудсан, элэгдэл хорогдолд орсон тул төсөвт онцгой анхаарах шаардлагатай байгааг уламжилсан байна.

相关新闻