БАЯНХОНГОР: Хүнсний аюулгүй байдал гурван сарын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-17 15:01:21

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Хүнсний аюулгүй байдал, хүнс эрүүл бол хүн эрүүл” гурван сарын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж буй. Энэ хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй 433 хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 236, хүнсний бүтээгдэхүүний 38 үйлдвэр, цехэд хяналт шалгалт хийж эхэллээ.

Эдгээр хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд худалдааны салбарын хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хаяг шошгын шинэчлэл, дотоод хяналтыг хэрэгжүүлэх зэрэгт тавих шаардлага, хадгалалтын хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний хяналт хийж байгаа аж. Аяны хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хангайн болон говийн сумдын чиглэлд дөрвөн ажлын хэсгийг томилжээ.

Ажлын хэсэг аймгийн төвийн 10 хүнсний дэлгүүрт хяналт шалгалтыг хийхэд 107 нэр төрлийн 712 ширхэг, 2.3 сая төгрөгийн хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн илэрчээ. Бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс сэргийлж хураан авсан бөгөөд тус аж ахуй нэгжүүдэд 35 заалт бүхий таван албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлэн зөрчил дутагдлыг арилгуулсан байна.

Худалдаа эрхлэгчдэд дотоод хяналт шалгалтаа сайжруулж, бүтээгдэхүүний хэрэглэх болон хадгалах хугацааг тогтмол шалгаж, чанар аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн худалдаалахыг хяналт шалгалтын ажлын хэсгээс анхааруулж байна.

相关新闻