Инфляцын өсөлтийн хурдац 5.1 нэгж хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-17 17:10:04

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өссөнийг ҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ.

Эн нь инфляц:

  • өмнөх 2023 оны эцсээс 2.5 хувь,
  • өмнөх сарынхаас 0.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэсэн үг юм.

Мөн хугацаанд хүнсний барааны бүлгийн үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.7 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.8 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.0 хувиар тус тус өсжээ.


Мах, махан бүтээгдэхүүний үнэ: 2024 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ. Үүнд:

  • Үхрийн махны үнэ 13.8 хувь,
  • Хонь, ямааны махны үнэ 9.8 хувь,
  • Адууны махны үнэ 4.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Талх, гурил, будааны үнэ: 14.7 хувиар өссөн байна. Үүнд:

  • Будааны үнэ 5.7 хувь,
  • Гурилын үнэ 17.4 хувь,
  • Талх, нарийн боовны үнэ 16.5 хувь,
  • Гоймон 12.8 хувиар өссөн мөн нөлөөлжээ. 


Инфляцын түвшин 2023 оны 3 дугаар сард 12.1 хувь гарч байсан бол 2024 оны 3 дугаар сард 7.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеийнхээс 5.1 нэгж хувиар буурчээ.


Нийслэл Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувь (33.3 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.5 нэгж хувиар (50.4 хувь) тус тус нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2024 оны 3 дугаар сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 83 (20.5 хувь) бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас өсөж, 78 (19.3 хувь) бараа, үйлчилгээний үнэ буурч, 243 (60.1 хувь) бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.   



相关新闻