Тэрбум мод: Энэ жил 30 сая мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-30 11:26:40

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүр болдог бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр ирэх 5 дугаар сарын 11-ний бямба гарагт албан ёсоор эхэлнэ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа өнөөдөр мэдээллээ.

Гэхдээ нийслэл болон хөдөө, орон нутагт энэ 4 дүгээр сарын 28-наас мод тарьж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа Монгол Улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аян хэлбэрээр 5 дугаар сарын 31 хүртэл сарын хугацаанд үргэлжилнэ гэв.

Мод тарих Үндэсний өдрийг угтан нийслэлд “Тэнгэр плаза”, Эрх чөлөөний талбай, Дамбадаржаа дахь цэцэрлэгт хүрээлэн гэсэн гурван төвлөрсөн байршилд, дүүрэг, аймаг, сумын төвд тарьц суулгац, үрслээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах талаар дуулгалаа.


Мод тарих Үндэсний өдөр ирэх сарын 11-нд албан ёсоор эхэлнэ. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 30 гаруй сая  мод тарина.



Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 310 ААН, байгууллага 8 байршилд мод тариад 3 жил болж байна. Эдгээр байгууллага, ААН тарьсан модоо энэ жил арчилж тордон, шинээр шилжүүлэх болон үргэлжлүүлэн нэмж тарина БОАЖЯ-наас Ойн зохион байгуулалт хийх журам гаргасны дагуу ойжуулж, мод тарих ажиллагааг усны асуудлаа шийдэх байдлаар хийнэ гэв.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, ААН-д мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх” зорилтын дагуу Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд 2024 онд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдээллээ. Үүнд:

  • Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг ойн нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах ажлыг 2.4 мян.га талбайд явуулж 4 сая мод тарина,
  • Цөлжилтийг сааруулах хамгаалалтын ойн зурвас, агро ойн аж ахуйг 4 байршилд 130 га талбайд байгуулна,
  • Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.  
  • Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудын ойн санг бүртгэх, ой зохион байгуулалтын ажлыг 5 сая га талбайд зохион байгуулна.
  • Ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг 1.3 мян.га талбайд зохион байгуулна.
  • Ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 330 мян.га талбайд зохион байгуулан 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс хамгаална.
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 400 км түймрийн зурвасыг шинээр байгуулах, 235 км зурвасыг арчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан дэвшүүлж улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Мөн 60 сая тарьц суулгац бэлдэн нөөцөлжээ. 

相关新闻