Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг өнөөдөр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-30 13:57:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэх талаар бид өмнө нь мэдээлсэн.


Тэгвэл өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Харин нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгааг албаныхан мэдээллээ. Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээх аж.


Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар ярихдаа “Баянзүрх дүүргийн IV хороо, Намьянжүгийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1.1 км урт, 14-16 метр өргөн авто зам засварлаж буй. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг болох Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ. Дараа нь Халдвартаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 1-3-ны 06:00 цагийн хооронд хааж, засварын ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, борооны усны шүүрт худгуудыг цэвэрлэх, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ” гэв.






相关新闻