Олон улсын жазз хөгжмийн өдөрт зориулсан тоглолт Мароккод боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-01 14:48:23

РАБАТ, 2024 оны тавдугаар сарын 1 /TASS/. Дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг Олон улсын жазз хөгжмийн өдөрт зориулсан бүх оддын тоглолт Марокко улсын хойд нутагт орших Танжер хотноо мягмар гаргийн орой боллоо.


VI Мохаммед хааны ивээл дор зохион байгуулсан уг тоглолтод Америкийн домогт төгөлдөр хуурч Херберт Хэнкок, басс гитарчин, жазз хөгжимчин Маркус Миллер, Чилийн дуучин Клаудиа Акуна зэрэг жазз урлагийн томоохон төлөөлөгчид хоёр цагийн турш уран бүтээлээ толилуулжээ. Тоглолтыг Британийн театр, кино урлагийн нэрт жүжигчин Жереми Айронс хөтлөн явуулсан байна. 


Жил бүр нэг хотыг сонгон энэ өдрийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаа Африк тивийн хот сонгогджээ. "ЮНЕСКО Олон улсын жазз хөгжмийн өдрийг тэмдэглэхээр Танжер хотыг сонгосонд бид бахархаж байна. Африк тивийн хотод анх удаа дэлхийн хэмжээний энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна" хэмээн Соёл урлаг, харилцаа холбооны сайд Мохаммед Мехди Бенсайд мэдэгдсэнийг “Maghreb Arabe Press” мэдээллийн агентлаг уламжлав.  


Дөрөвдүгээр сарын сүүлчээр Танжер хотноо жазз хөгжмийн өв уламжлал, түүнчлэн Марокко, Европ, Африкийн хоорондох соёл, урлагийн хэлхээ холбоог онцолсон цуврал үйл ажиллагаа зохион байгуулжээ. 


Гибралтарын хоолойн эрэгт орших Танжер нь хөгжимчид, зохиолчид, зураачид, загвар зохион бүтээгчид хуран цуглаж, олон улсын соёлын үйл ажиллагаа зохиогддог хот гэдгээрээ алдартай. Жил бүрийн намар Танжерт олон улсын жазз хөгжмийн “Tanjazz” наадам болдог.


2011 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү өдөр нь ЮНЕСКО-ийн албан ёсны тэмдэглэлт өдрүүдийн нэг юм.

相关新闻