Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-01 18:47:48

БАКУ, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Азербайжан улсын нийслэл Баку хот дахь Хейдар Алиевийн нэрэмжит төвийн хурлын их танхимд “Энх тайван ба дэлхийн аюулгүй байдлын төлөөх яриа хэлэлцээ” сэдэвт Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ. 


Дэлхийн 100 гаруй улсыг төлөөлсөн 700 гаруй өндөр хэмжээний зочид, шашны тэргүүн нар, эрдэмтэд, сэтгүүлчид болон угсаатны ба соёлын бүлгүүдийн төлөөлөгчид оролцож буй тус хурлын үйл ажиллагааг нээж Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев үг хэлэв. 


Азербайжаны засгийн газраас ЮНЕСКО, НҮБ-ын Соёл иргэншлийн холбоо, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, ИСЕСКO буюу Исламын ертөнцийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран зохион байгуулж буй энэ форум гурав хоног үргэлжлэх бөгөөд дөрвөн чуулган, 12 салбар хуралдааны явцад маш өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэнэ. Үүнд илүү ногоон ирээдүйг бүтээх тогтвортой арга замууд, хиймэл оюун ухаан хүн төрөлхтний соёлд аюул занал учруулах уу, соёлын өвийг хамгаалахад хууль тогтоомжийн үүрэг, хууль бус цагаачлал, гадаадынхныг үзэн ядах үзэлтэй тэмцэхэд боловсролын гүйцэтгэх үүрэг гэх мэт. 


Энэ удаагийн чуулга уулзалт “Шашин хоорондын яриа хэлэлцээгээр итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдэвт бүгд хуралдаанаар эхэлж, түүнд 30 гаруй улсаас хүрэлцэн ирсэн шашны байгууллагуудын тэргүүн нар оролцож байна.


Олон соёлын хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн чуулга уулзалт бол 2008 онд Ерөнхийлөгч Ильхам Алиевийн дэвшүүлсэн “Бакугийн үйл явц” гэдэг санаачилгын нэг хэсэг бөгөөд анхны уулзалтыг 2011 онд зохион байгуулснаас хойш нийтдээ таван удаа болжээ.

Б.Адъяахүү


相关新闻