Бразилын Рио Гранде-ду-Сул мужид үерийн улмаас онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-03 16:14:47

БРАЗИЛИА, 2024 оны тавдугаар сарын 3 /DW/. Бразилын өмнөд нутгийн Рио Гранде-ду-Сул мужид хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан пүрэв гарагт онцгой байдал зарлажээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 29 хүн амиа алдаж, 60 хүн сураггүй болоод байгаагаас гадна 10 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн байна. Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейте хэлэхдээ, манай муж түүхэндээ байгаагүй хамгийн хүнд гамшигтай тулгарч байна гэжээ.


Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын дээгүүр нисэх онгоцоор нөхцөл байдалтай танилцаж, Санта-Мариа хотод захирагч Э.Лейтетэй яаралтай уулзалт хийсэн байна. Лула да Силва байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мужид учирч буй хохирлыг багасгахын тулд хүн хүч, материаллаг нөөцийн туслалцааг сайтар үзүүлэхээ амлажээ.


Аадар борооны улмаас Рио Гранде-ду-Сулын олон хэсэг усанд автаж, гүүрнүүд эвдэрч, замууд хаагдаж, хот суурингуудад утас, интернэтийн сүлжээ тасалджээ. Пүрэв гарагт жижиг усан цахилгаан станцын далан сэтэрсний улмаас 300 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон гэж тус мужийн нийтийн аж ахуйн компани мэдэгдсэн байна.


Тус бүс нутагт дахин бороо орох төлөвтэй байгааг цаг уурчид танхааруулжээ. Энэ долоо хоногийн даваа гаргаас аадар бороо орж эхэлсэн бөгөөд эхний өдөртөө л гэхэд 24 цагийн дотор зарим газарт 150 мм хур тунадас унасан байна. Үндэсний цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, тус бүс нутаг нь Эль-Нино хэмээх байгалийн үзэгдлийн нөлөөнд нэрвэгдэж байгаа аж. Бразилд Эль-Ниногийн нөлөөгөөр хойд хэсгээр ган гачиг болж, өмнөд хэсгээр хүчтэй аадар бороо ордог байна.

相关新闻