Орангутан сармагчин шархаа эмийн ургамлаар эмчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-03 17:22:30

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 3 /CNN/. Индонезод ажиллаж буй судлаачид нүүрнийхээ шархыг эмийн ургамлаар эмчилж байгаа орангутаныг анх удаа ажиглаж, баримтжуулжээ.


Scientific Reports” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар, Ракус гэдэг Суматрын эр орангутан "Акар кунинг" хэмээх ургамлын навчийг зажилж, шүүсийг нь олон удаа түрхсэнээр нүүрнийхээ шархыг эмчилжээ. Тодруулбал, уламжлалт анагаах ухаанд цусан суулга, чихрийн шижин, хумхаа зэрэг өвчнийг эмчлэхэд ашигладаг уг ургамлын навчийг Ракус орангутан зажлан шархан дээрээ тавьж байсан байна. 


Макс Планкийн нэрэмжит Амьтны зан авир судлалын хүрээлэнгийн судлаач, судалгааны ахлагч Изабель Лаумер CNN телевизэд ярилцлага өгөх үеэрээ Индонезын Гунунг Лейзер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн судалгааны бүсэд хийсэн ажиглалтдаа сэтгэл хангалуун байгаагаа хуваалцжээ. Судалгааг 2022 оны зургаадугаар сард хийжээ. Хэдийгээр зэрлэг мичний бусад төрөл эмчилгээний чанартай ургамлыг залгиж, зажилж байгааг өмнө нь тогтоож байсан ч шархаа эмчлэхэд ашиглаж байгааг харж байгаагүй ажээ.


Ракус мич уг ургамлыг шархан дээрээ дахин дахин тавьж байсан тул түүнийг зориудаар ажигласан гэж судлаачид ярьжээ. Тэдний үзэж байгаагаар, Ракус өөр нэг эр орангутантай тулалдах үедээ шархадсан байж магадгүй байна. Амьдарч буй бүсэд нь идэш хоол харьцангуй их байдаг зэрэгтэй холбоотойгоор тэд хоорондоо тулалдах нь бага, улмаар шархдах нь ховор тул судлаачид өмнө нь ийм үйлдлийг ажиглах боломж хомс байсан гэсэн үг юм.


Уг орангутан шархыг эмчлэх аргыг хэрхэн сурсан тухайд И.Лаумер хэлэхдээ, энэ нь санамсаргүй үйлдэл байж болох юм гээд, ургамлаар хооллож байхдаа шархандаа санамсаргүй хүргэсэн байж магадгүй бөгөөд тэр үед өвчин намдаах үйлчилгээг нь мэдэрсэнээс уг үйлдлээ давтан давтан хийхэд хүргэсэн байж магадгүй гэж тайлбарлажээ. Харин өөр нэг тайлбар нь Ракус бусад орангутануудаас шархыг хэрхэн эмчлэх талаар сурсан байж магадгүй юм.


Судлаачид тухайн бүс нутагт байгаа бусад шархадсан орангутаныг анхааралтай ажиглаж, ийм үйлдэл давтагдах эсэхийг мэдэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү ололт нь хүн, орангутан хоорондын нийтлэг зүйлсийг тодотгон харуулж байна хэмээн  И.Лаумер хэлээд “Бид хоорондоо өөр гэхээсээ илүү төстэй. Энэхүү судалгаа нь тэдний нэн ховордож буй байдлыг ойлгоход тусална гэж найдаж байна” гэлээ.

相关新闻