Татварын суурийг багасгах болон олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-05-05 10:18:48

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэхээр татварын гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох материалын хамт УИХ-ын дарга Г.Занданшатарт баасан гарагт өргөн мэдүүллээ.


Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэхээр татварын гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц"-ыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан. Конвенцод нэгдэн орсноор татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотой давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг багасгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг өөрчлөлтийг Монгол Улсын бусад оронтой байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Конвенцод заасан сонголт бүхий зүйлүүдээс алийг сонгож хэрэглэхийг тусгасан. Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн ч 1991-2003 онд бусад улс оронтой байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээг Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх (BEPS) 15 үйл ажиллагааны 6, 14 дүгээрт нийцүүлэх шаардлагатай. Конвенцод нэгдэн орсноор Монгол Улсын давхар татварын гэрээг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой аж.


                 Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхтэй тэмцэх 15 үйл ажиллагаа ба Монгол Улс

Дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд олон улсын татварын чиглэлээр шинэлэг зарчмуудыг нэвтрүүлж байна. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас BEPS-ийн 15 үйл ажиллагааг боловсруулан 2015 оноос нэвтрүүлж, одоогоор дэлхийн 141 улс гишүүнээр элээд байна.


2022 оны 10 дугаар сард Франц улсын Парис хотноо ЭЗХАХБ-аас зохион байгуулсан BEPS-ийн хамрах хүрээний 14 дэх уулзалтын үеэр “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэхээр татварын гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц”-д гарын үсэг зурснаар нь Монгол Улс нь тус конвенцид нэгдэж орсон 100 дахь улс болсон билээ.


Монгол Улс 2017 оны 12 дугаар сард BEPS-ийн хамрах хүрээнд албан ёсны гишүүнээр нэгдэж орсноор олон улсын татварын чиглэлээр үүсээд буй шинэлэг дүрмүүдийг дотоодын хуульд тусгах, давхар татварын хэлэлцээрт хамаарах шаардлагыг хангах үүрэг хүлээж байна. BEPS-ийн 15 үйл ажиллагаа нь дотоодын татварын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт, давхар татварын гэрээтэй холбоотой асуудлыг багтаадаг. BEPS-ийн үйл ажиллагааны холбогдох зарчмыг Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдэд тусгаж, УИХ 2019 онд эдгээр хуулийг баталж, 2020 оноос мөрдөж эхэлсэн юм.


Манай улс BEPS-ийн 6, 7, 14 дүгээр үйл ажиллагаанд заасан давхар татварын гэрээнд холбогдох шаардлагыг бусад улстай байгуулсан давхар татварын гэрээнд тусгаж, гишүүний хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна. BEPS-ийн 6 дугаар үйл ажиллагаа нь заавал хэрэгжүүлэх шаардлагатай стандартад багтдаг. Энэ нь гуравдагч улсын хөрөнгө оруулагч давхар татварын гэрээг урвуулан ашиглах буюу гэрээний сүлжээ дамжуулан татвараас зайлсхийх асуудлыг хязгаарлах зорилготой. Түүнчлэн, BEPS-ийн 14 дүгээр үйл ажиллагаанд давхар татварын гэрээний дагуу оршин суугч этгээд нь хэлэлцэн тохирогч аль нэг улсын татварын алба хэлэлцээрийг буруу хэрэглэсэн, татварын давхардал бий болсон гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээдэд уг асуудлаар хандах боломжийг нээх, энэ тохиолдолд эрх бүхий этгээд шийдвэрлэхтэй холбогдох асуудлуудыг тусгажээ. Энэ асуудлыг хэлэлцээрийн Харилцан тохиролцох журмаар зохицуулдаг бөгөөд давхар татварын гэрээнд зайлшгүй тусгах ёстой заалт, үүнийг хэрэгжүүлэх дотоодын журам, механизм, статистиктай холбоотой стандартуудыг тусгасан байдаг. 


BEPS-ийн давхар татварын гэрээтэй холбоотой заавал биелүүлэх шаардлагатай 6, 14 дүгээр үйл ажиллагаанд туссан өөрчлөлтийг олон улсад нэвтрүүлэхэд 1000 гаруй давхар татварын гэрээнд хоёр талт хэлэлцээрийн замаар өөрчлөлт оруулах шаардлага байсан нь BEPS-ийн гишүүн улсуудад цаг хугацааны хувьд хүндрэлтэй, зардал их зэргийг харгалзан, ЭЗХАХБ-аас BEPS-ийн 15 дугаар үйл ажиллагаанд туссан Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэхээр татварын гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцид нэгдэж орох замаар эдгээр өөрчлөлтийг богино хугацаанд нэвтрүүлэх боломж бий болгожээ.


Иймд BEPS-ийн 15 дугаар үйл ажиллагаанд заасан ‘Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэхээр татварын гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц"-д нэгдэн орж, татварын гэрээг урвуулан ашиглахаас сэргийлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотой хийдлийг арилгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг зохицуулалтыг бусад улстай байгуулсан давхар татварын гэрээнд тусгах замаар Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод татвар ногдуулах харилцааг бэхжүүлэх, татварын суурийг хамгаалах нь манай улсын эрх ашигт бүрэн нийцэж байгааг УИХ-ын ХМОНХГ-аас мэдээлэв.

相关新闻