Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-06 14:32:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-гийн дүнгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ. Энэ талаар дээрх төвийн судлаач Б.Мөнгөнжигүүр болон гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми нар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэв. 


Тайлангаар Дундговь, Завхан аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгджээ. Энэ удаагийн судалгааны тайлангийн аймгуудын онцлох үзүүлэлтийг танилцуулбал:

  • Орхон аймаг засаглалын үр ашиг, дэд бүтцийн бүлгийн үнэлгээгээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлжээ. Тус аймаг 2012-2020 онд буюу тайланг гаргаж буй 9 жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлж ирсэн бөгөөд энэ удаа мөн нэгдүгээрт оржээ.
  • Дорноговь аймаг ерөнхий үнэлгээгээр нэг эрэмбээр ухарч, хоёрдугаарт оржээ. Тус аймаг эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үндсэн бүлгээр нэгдүгээрт явж байна.
  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр гуравдугаарт орсноор өмнөх оны эрэмбэ нь өөрчлөгдөөгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 9-өөр өсжээ.
  • Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр дөрөвт жагссан хэвээр. Гэхдээ өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 3.5-аар буурчээ. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлт суларсан нь голлон нөлөөлжээ.
  • Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгууд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан байна.
  • Говь-Алтай, Завхан аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн их буурчээ. Говь-Алтайд засаглалын үзүүлэлтүүд, Завхан аймагт эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд унасан байна.


Нийт аймгаас Дундговь, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл барьсан нь эдгээр аймгийн бизнесийн үр ашиг гэсэн үндсэн бүлгийн үзүүлэлт суларч, энэ нь нийтлэг дүнтэй байна.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г 12 дахь жилдээ гаргаж байна.

Тайлангаар Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалж, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлэн тооцон гаргадаг. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаас бүрддэг ажээ.



相关新闻