БАЯНХОНГОР: Хонгор нутгийнхан гурван бүсийн нутгаа тодотгон гурван баганатай гэр урлажээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2024-05-06 15:35:19

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг энэ сарын 4-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газрын захиалгаар нутгийн гар урчууд нэгдэн Баянхонгор аймгийнхаа онцлогийг шингээн бүтээсэн “Хонгор нутгийн Хосхүрэл өргөө”-г төв талбайд барьжээ. Тус өргөөнд Чингис хааны өв соёлын хүрээлэн, аймгийн Нийтийн номын сан, Түүх угсаатны зүйн музейгээс боловсролын хөтөлбөрүүдийг энэ өдрүүдэд хүргэж байгаа юм.


“Хонгор нутгийн Хосхүрэл өргөө”-ний тухай:


Тооно:

Хорол тоонондоо нутгийн тахилгат, шүтээн хайрхан уулын нэрийг бүг бүрд нь монгол бичгээр бичиж, Баянхонгорын тухай магтаалыг зориулан бүтээж, тоонондоо монгол бичгээр бичжээ. 


Унь:

Эхлэл хэсэгт Тусгаар тогтнолын багана, аймгийнхаа 20 сумын нэрийг монгол бичгээр бичиж, хүрлийн үеийн үнэт олдвор болох “Хосхүрэл морь”-ийг дүрслэн урлажээ.


Багана:

Баянхонгор аймгийн гурван бүсийн нутгийг тодотгон Гурван баганатай урласан ба баганы дээд, дотор талд тал хээр, говь, хангайн гурван бүсийг монгол бичгээр сийлж, ар талд нь аймгийнхаа логог, Хосхүрэл олдворын мортны толгойг багананд дүрслэн буулгажээ. 


Хаалга:

Гол хэсэгт Баянхонгор аймгийн газрын зургийг гарган нутгийн газар шороо эрдэнэсийн дээжээс шингээн урлаж, Баянлиг суманд байрлах Бичигт хадны сүг зургийн дурсгал, буган хөшөөний дүрслэлийг зурж шингээжээ. 


Эсгий хаалга:

Баянхонгор аймагт төв Халхууд зонхилон амьдардаг ба тэдний хэрэглэж байсан эсгий хаалгыг гадна талд байрлуулж, гол хэсэгт Хосхүрэл олдворыг товойлгон бүтээж, уул үүлэн хээгээр чимжээ.


Тулга:

Баянхонгор аймаг нь түүхэндээ дөрвөн удаа нүүж, одоогийн Номгон хайрханы хойд бэлд ирсэн бөгөөд Гучин ус, Бөмбөгөр хайрхан, Хонгор хайрхан, Номгон булаг хэмээх дөрвөн байршлыг тулганы тулгуур хэсэгт монгол бичгээр урлаж, хүрэл өнгөөр бүтээжээ.


Бурхан:

Баянхонгор аймгийн 3 хутагт Ламынгэгээн, Нарангэгээнийг дээд хэсэгт нь залж, барыг номхотгосон түүхтэй Дугар зайсанг барыг номхотгож буй дүрээр нь бүтээн Баянхонгор бурхныг бүтээжээ. 


Өнгө:

Монгол Улсын Засгийн газрын логоны брэнд хөх өнгийг номин ногоон өнгөтэй уусган бүтээжээ. 


Тавилга:

Авдар, ширээ, сандалыг сийлбэр болон зурган хэлбэрээр хослуулан бүтээжээ.


Баянхонгор аймгийн түүх, соёл, байгаль цаг уурын онцлогийг шингээсэн найман ханатай гэрийг Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газрын захиалгаар Музейн захирал Р.Пүрэвсүрэн, Баянхонгор аймгийн Гонгандандэдлин хийдийн бурхан урлаач Д.Угтаасүрэн, Баянхонгор аймгийн Баянлиг сумын эсгий урлаач Цэцгээ болон музейн албан хаагчид, гар урчууд хамтран бүтээсэн байна.


Үндэсний өв соёлоо дээдлэн уламжилж, үр хойчдоо өвлүүлэх эрхэм үүргийг хүлээсэн хэн бүхнийг төв талбайд байрлах өргөө цагаан гэрээр зочлон саатахыг Хонгор нутгийнхан урьж байна.