ХОВД: Мал эмнэлгийн салбарынхан энэ онд 20 зорилт бүхий 30 гаруй ажил хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-07 15:07:02

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малын эмч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Тус аймагт мал эмнэлгийн үйлчилгээний 38 нэгж бий. Үүнд 80 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд мал сүргийн 50-60 хувьд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.


Энэ удаагийн зөвлөгөөнд мал эмнэлгийн салбарт ажиллаж буй 100 гаруй хүн оролцлоо.

Тэд мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцсон ба мал амьтны гоц халдварт өвчний оношилгоо, тэдгээрийг тандах арга зүй, зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ярилцаж байна.

Ховд аймаг 3.1 сая толгой малтай. Малын эрүүл мэндийг хамгаалахад 136 малын эмч ажиллах ёстой гэх судалгаа бий. Гэвч одоогийн байдлаар 87 малын эмч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт малын эмч дутагдалтай байна.

Иймээс тус аймаг мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд 2025 оноос эхлэн “Залуу малын эмч” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн одоогоор ОХУ-д зургаан оюутныг малын эмч мэргэжлийн ангид сургаж байгаа ба улсын Мал эмнэлгийн сургуульд сурч байгаа 11 оюутны төлбөрийг орон нутгаас шийдвэрлэсэн байна.   


Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас холбогдох байгууллагуудттай хамтран зохион байгуулж буй дээрх зөвлөгөөн маргааш дуусна.

Мал эмнэлгийн салбарынхан 2024 онд 20 зорилт бүхий 31 ажил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.       

相关新闻