А.Ганбаатар: Шагнал бол шударга ёсны хэмжүүр байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас Төрийн шагналын тухай хууль боловсруулах ажлын явцыг тодрууллаа.

-Төрийн шагналын тухай хууль боловсруулах ажлын явцыг танилцуулаач?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд ажлын хэсэг 21 удаа уулзаж хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн. Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн боллоо.

Ажлын хэсэг Монгол Улсын цол, одон, медалийн түүх, төрийн байгууллагуудын шагналын тогтолцоо, өнөөгийн байдал болон ХБНГУ, ОХУ, Украйн, Казахстан, Белорусь, Польш, БНЭУ зэрэг 10 гаруй улсын шагналын тухай хууль, дүрмүүдийг тусгайлан судалсны үндсэн дээр Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулсныг энд дурдах нь зүйтэй.

-Хуулийг шинэчлэн боловсруулах болсон үндэслэл, шаардлага юу байв?

Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулахдаа төрийн шагналтай холбоотой эрх зүйн актуудыг цэгцлэх, төрийн шагналын тогтолцоо, үндсэн зарчмыг хуульчлан тогтоох зорилгыг баримталсан.

Одоо манай улсад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон ардын болон гавьяат цолыг тухайлан бий болгож байсан АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар баталсан 20 гаруй дүрэм, журам хүчин төгөлдөр үйлчилж, төрийн дээд шагналын эрх зүйн зарчим, үндсийг тодорхойлж байна.

Гэтэл 1992 онд шинэ Үндсэн хууль баталж, Монгол Улсын зорилго болон нийгэм, эдийн засгийн байгуулалт, төрийн үйл ажиллагааны зарчим үндсээрээ өөрчлөгдсөн тул төрийн шагналын бодлого, тогтолцоо, зарчмыг үүнд нийцүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийх шаардлага гарч байгаа юм.

Цол, төрийн одон, медаль олгох шалгуур үзүүлэлт өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхгүй болсны нэг жишээ хэлэхэд “Ардын” гэсэн цолыг таван төрөл мэргэжлээр,“Гавьяат” цолыг 30 төрлөөр олгож ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 7000 орчим төрлийн ажил, мэргэжил байгаа тул нийгмийн бүх салбарын ажил мэргэжлийг хамарч чадахгүй болсон байна. Мөн одоо олгож байгаа одон, медалиуд нь хуучин сүлдтэй, БНМАУ гэсэн бичээстэй хэвээр байгаа тул загварыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.

-Шинэ хуулийн төслийн онцлог, ач холбогдлыг юу гэж дүгнэж болох вэ?          

Хуулийн төслийг боловсруулахдаа дээрх шаардлагуудын хүрээнд төрийн шагналын эрэмбийг тогтоох, шагналын төрлийг багасгах, нийгэмд хавтгайрсан гэж үнэлэгдэж буй шагналын нэр хүндийг өсгөх, үүний тулд шагнал олгох цаг хугацаа болон жилд олгох тоо хэмжээгээр хязгаарлалт тогтоож, шагнах хүний тоог цөөрүүлэх, шагнал олгох шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод, ардчилсан зарчимд нийцүүлж хуульчлан тогтоох чиглэлийг баримталсан юм. Шагналын хуулиар эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна.

“Шагнал бол шударга ёсны хэмжүүр” гэж Францын нэрт гүн ухаантан Ш.Монтескье хэлсэн байдаг.

           

Шагналын тухай дэлгэрэнгүй журмыг дараах линкээр орж үзнэ үү  "http://president.mn/content/11791".